News paparazzi: Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн жагсжээ

Moderator
2020/09/24

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн жагсаал тус улсын нийслэл Минск хотод болсон байна. Лхагва гаргийн орой хүчний байгууллагынхан сүүлийн долоо хоногуудаас илүү хатуу ажилласан боловч сонгуулийн дараах эхний өдрүүдтэй харьцуулахад жагсагчдад харьцангуй зөөлөн хандсан гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа 18:00 цагт эхэлж, шөнө дунд болох үед дууссан бөгөөд жагсагчид эхлээд “Минск-Баатар хот” баганын дэргэд цуглаж, тэндээс цагдаа нарт хөөгджээ. Түүнчлэн “Ялагчид” өргөн чөлөөнд цугласан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар ус шүршигч машин ашигласан байна. 

"Минск-Баатар хот” баганын дэргэдээс хөөгдсөнийхөө дараа жагсагчдын зарим нь хотоор тарсан байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Немига, Мельникайт гудамжууд, "Пушкинская" метро болон Спортын ордны ойролцоо жагсаал болсон бөгөөд жагсагчдыг баривчлах хатуу ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ үеэр жагсагчид “Гутамшиг!”, хэмээн хашхирцгааж, хүчнийхний автобусны цонхыг гараа зангидан цохицгоож байсан байна.

Хүчнийхэн жагсагчдын эсрэг ус шүршигч машин хэрэглэсэн болохыг Минскийн Дотоод хэргийн ерөнхий газар нотолжээ. “Минск болсон жагсаалын үеэр ус шүршигч машин зэрэг тусгай хэрэгсэл ашигласан” гэж тус газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Ганусевич хэлсэн байна. Тэрээр мөн захиргааны үйл ажиллагааны хүрээнд дор хаяж 10 хүнийг хууль бус эсэргүүцлийн ажиллагаанд оролцсонтой нь холбогдуулан саатуулсан гэж мэдээлжээ. Түүнээс мэдээлэл авч байх үед баривчилгаа үргэлжилж байсан учир яг хэдэн хүн баривчлагдсаныг тодорхой хэлж чадаагүй байна. Харин "Весна" хүний эрхийн төвийн мэдээлснээр, 155 хүн баривчлагдсан бөгөөд тэдний ихэнх нь Минск хотод саатуулагдаж, зарим нь тэр оройдоо суллагджээ.


Ж.Бат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна