Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн талбайд дахин осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр тус компанид дохиочноор ажилладаг байсан Орхон аймгийн харьяат, 25 настай эрэгтэй цахилгаанд цохиулж нас барсан талаар орон нутгийн эх сурвалж мэдээллээ. Гэвч, энэ талаарх мэдээллийг шат шатандаа нууцалж байна. Хүний амь нас хохирчихоод байхад, холбогдох байгууллагууд мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх бус харин ч хав дараад өнгөрөх гэж буй бололтой. “Эко алтан Заамар” компани Заамарын уурхайн цаад талаас буюу Булган аймгийн Бүрэгхангай суманд ч бас тусгай зөвшөөрөлтэй. Энэ удаагийн осол тухайн хэсэгт гарсан тул Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллажээ.
ӨНГӨРСӨН ОНД “ЭКО АЛТАН ЗААМАР”-Т ТАВАН ХҮН НАС БАРСАН
“Эко алтан Заамар” компанийн талбайд өмнө нь ноцтой ослууд хэд хэдэн удаа гарч байсан. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд тус компанийн “Уул-2” осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан юм. Ажилчид Хайлааст багийн нутаг, Баянголын аманд алт олборлож байхад нь уурхайн амны хана нурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс болж, хүний аминд хүрсэн ч өдийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ний өдөр “Эко алтан Заамар” компанийн талбайд осол гарч, 26 настай эрэгтэй нас барсан. Гэвч, “ар өврийн хаалгатай” энэ компани өнөө хэр нь ажилласаар, ажилчид нь эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.
ТУУЛ ГОЛЫГ ХӨРСИЙГ ХУУЛЖ, БОХИРОО ШУУД ЦУТГАЖ БАЙВ
Төв аймгийн Заамар сум хариуцлагагүй уул уурхайн хор уршгийг хамгийн их амсаж буй. Газар нутгийнхаа дийлэнх хэсгийг уурхайн компаниудад эзлүүлсэн тус суманд “Эко алтан Заамар” тэргүүтэй дураараа дургигчид олон. Хоёр жилийн дотор зургаан хүний аминд хүрээд буй “Эко алтан Заамар” компани 2018 онд Туул голын эрэг дээр хөрс хуулж, дураараа авирлаж байв. Уг нь, Усны тухай хуульд зааснаар голын эргээс 50 метрийн зайд ямар нэг үйл ажиллагаа явуулах хориотой ч ажлаа хүчээр эхлүүлж байсан юм. Тухайн газар нь Заамар сумын уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн, гурван километр орчим үргэлжилдэг, цорын ганц “эрүүл” хэсэг. Хуулийг уландаа гишгэгч тэд олон нийтийн шүүмжлэл, шахалтаар Туул голын эрэг дээр хөрс хуулахаа зогсоож байсан юм. Цаашилбал, алт угаасан бохир усаа гол руу цутгаж байсныг нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлж байсан нь саяхан.
“Эко алтан Заамар” компанийн уурхайн талбайд нуранги үүсч, дөрвөн хүн нас барсан үеэс л тус компанийн лицензийг цуцлах тухай ярьж эхэлсэн. Гэвч ганцхан компанийн өмнө өвдөг сөхөрсөн сайд, дарга нар ямар ч алхам хийлгүй өнөөдрийг хүрлээ. “Эко алтан Заамар”-ынхан алт олборлох дөрвөн лиценз эзэмшсэн хэвээр байна. Олон хүний аминд хүрсэн осол гарахаас өмнө анхааруулга өгсөн байдаг ч тэд алдаагаа засахгүй явсаар нуранги үүссэн. Тодруулбал, осол гарахаас 7 хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 21-нд “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан эрсдэлийн үнэлгээ хийж, ил уурхайн амны хана нурах эрсдэлтэй тул үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлыг хангах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарч байжээ. Энэ мэтчилэн анхнаасаа хууль, журмаа зөрчсөн компанийг сайд нар нь бөөцийлсөөр ирсний балаг өнөөдөр ч тасрахгүй байна. Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар осол гарсны дараа “Зөвхөн олзны хойноос сорчилж авч байгаагийн гайгаар хүний амь нас эрсэдсэн нь дэндүү харамсалтай. Тиймээс зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Би тодорхой шийдвэр, чиглэлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн” гэж байв. Гэвч, түүний хоосон үг ажил хэрэг бололгүй жил дамжлаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ч “Эко алтан Заамар” компанийг “цээжээрээ хамгаалсан” хүмүүсийн нэг. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Холбогдох дүгнэлтийг МХЕГ гаргавал лицензийг цуцлах боломж бүрдэнэ. Бид хамгаалаад байгаа зүйлгүй” гэж тайлбарласан. Гэвч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан ч бас таг чиг хэвээрээ байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна