News paparazzi: Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс огцруулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Moderator
2020/05/02

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхэд чиглэсэн, дарангуйлал тогтоох зорилготой үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаа тухай иргэд хурцаар шүүмжилж байна. Эдгээр үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж иргэн Ц.Уянга, Э.Одбаяр тэргүүтэй иргэд, ТББ, улс төрийн намууд Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачлан батлуулсан нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар тогтоосон үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй зүйлээр Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалд халдсан үйлдэл болсон байна гэж үзжээ. Шүүхийн хараат бус бие даасан байдлыг алдагдуулж, шүүх, хуулийн байгууллагад нөлөөлөх замаар улс төрийн зорилгоор иргэдийг хэлмэгдүүлэх нөхцөл хэдий нь бий болсны тодорхой жишээ нь Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхсайханыг барьж хорьсон асуудал хэмээн тэд үзэж байна. Хэрэв Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцээс дээр дурдсан асуудлаар Үндсэн Хууль зөрчсөн нь тогтоогдож дүгнэлт гарвал Х.Баттулга ерөнхийлөгчөөс огцрох нөхцөл бүрдэх юм. Ерөнхийлөгчөөс огцруулах үндэслэлийг Монгол Улсын Үндсэн Хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2 дах заалтад тусгасан байдаг байна.