“Даймонд Принцесс” хөлөг онгоцны зорчигчдоос дахин 41 хүн коронавирусийн халдвар авчээ

Moderator
2020/02/07

Японы Йокохама боомтын ойролцоо энэ сарын 3-наас хөл хорионд орсон “Даймонд Принцесс” хөлөг онгоцны дахин 41 зорчигчоос шинэ төрлийн коронавирус илэрлээ. Ингээд энэ хөлөг онгоцонд халдвар авсан хүний тоо нийт 61 болсон гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Халдвар авсан хүмүүсийг Японы эмнэлгүүдэд хүргэх юм байна. Энэ хөлөгт 50 гаруй улсын нийт 3700 орчим хүн байна. Тэд хөлөгт хоёр долоо хоногийн турш хөл хорионд байх юм.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас болж хоёр ч хөлөг онгоцонд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд гурав дахь хөлөг онгоц ч нэмэгдэх магадлалтай байна. Хонгконгоос Японыг чиглэсэн “Вестердам” хөлөг онгоцыг Токио хүлээн авахаас татгалзжээ. Үүнээс гадна Хонгконгт “Ворлд Дрийм” нэртэй хөлөг онгоцонд 30 хүнээс халдварт өвчний шинэ тэмдэг илэрсэн тул хөл хорионд оруулжээ.