Коронавирусийн халдварын тухай хамгийн их тарсан, хамгийн хортой 8 худал мэдээ

Moderator
2020/02/05

БНХАУ-ын төв хэсгийн Ухань хотоос эхтэй шинэ төрлийн коронавирус буюу “2019-nCov”-ийн батлагдсан тохиолдол лхагва гаригийн байдлаар дэлхий дахинд 24000 давж, нас барсан хүний тоо 490-д хүрээд байна.

Үүнтэй зэрэгцэн уг өвчний талаарх баримтгүй хуурамч мэдээлэл, цуурхал, батлагдаагүй эх сурвалжуудаар дамжин цахим орчинд түүнээс хурдтай тархаж байгаа талаар “factcheck.org” анхааруулжээ. Ашгийн бус энэхүү веб сайт нь зөвхөн батлагдсан үнэн зөв баримтыг эх сурвалж болгох замаар төлбөртэй хууран мэхлэлт, аливаа төөрөгдүүлэлтийн өмнө уншигчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан юм. Тэд “Poynter” институц болон дэлхийн 30 орны баримт шалгах байгууллагуудтай хамтран цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн өдрүүдэд гарсан “2019-nCov” вирусийн талаарх мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, баталгаажсан эх сурвалжуудын албаны ёсны дүгнэлтүүдийг хавсарган хуурамч мэдээнүүдэд хариулт өгсөн байна.  

-“2019-nCov” вирусийн тархалт ямар шалтгаанаас болж хэзээ дэгдэж эхэлсэн бэ?

-Худал мэдээлэл 1: АНУ-ын зүгээс “2019-nCov” вирусийг гарган авч эдийн засгийн дайны зорилгоор БНХАУ-ын эсрэг биологийн зэвсэг болгон ашигласан.

-Худал мэдээлэл 2: 2019-nCov” вирусийг лабораторид гарган авсан бөгөөд анхнаасаа вакцин байсан.

-Худал мэдээлэл 3: 2019-nCov” вирусийн тохиолдол өмнө нь гарч байсан бөгөөд 2015 болон 2018 онуудад уг вирусээр халдварласан өвчтөнүүд бүртгэгдсэн.

Зөвхөн “2019-nCov”-ийн тохиолдолд бус өмнө нь ч гэсэн дэлхий дахинд дэгдэж байсан бүх төрлийн халдварт өвчин, вирусийн тархалтыг энэ мэтээр “хуйвалдааны онол” гэж оношилсоор ирсэн. Энэ төрлийн мэдээллүүдийн эх сурвалж ихэвчлэн мэргэжлийн редакцууд бус хувь хүмүүс эрхлэн явуулдаг янз бүрийн блог, цахим нийгмийн сүлжээний платформууд байдаг. “Poynter” институцийн олж тогтоосноор шинэ төрлийн коронвирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг цахим орчинд Хятадын цахим гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй тарааж байгаа аж. Үүний дээр олны танил, нэр алдартай хүмүүс үнэн зөв баримтыг нягтлан шалгалгүйгээр цахим орчинд эдгээр хуурамч мэдээллүүдийг хариуцлагагүй нийтэлж байгаа нь төөрөгдөл хүчээ авах гол шалтгаан болжээ. Мөн эдгээрийн дийлэнх хувь нь тодорхой ашиг хонжоо олох гэсэн далд зорилготой байжээ.    

Factcheck: Эрдэмтэд одоо хэрнэ энэхүү асуултын хариултыг олоогүй бөгөөд баталгаажуулахаар ажилласаар байна. Шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдлууд өнгөрөгч арванхоёрдугаар сарын эхээр 11 сая орчим хүн амтай Хятадын Ухань хотод бүртгэгдсэн. Анхны тохиолдлууд бүгд Ухань хотын “Хуанан” гэх далайн гаралтай бүтээгдэхүүний захад ажилладаг эсвэл ойр орчимд нь амьдардаг хүмүүсээс илэрч байв. Ердийн хатгалгааны эмнэлзүйн шинж тэмдгээр илэрдэг, өмнө нь анагаах ухаанд огт бүртгэгдэж байгаагүй үл мэдэгдэх, учир битүүлэг уг шинэ төрлийн вирус амьтнаас-хүнд халдсан байж болзошгүй талаар ДЭМБ-ын зүгээс өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-нд анх мэдэгдсэн.

Голландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн баг 42 өвчтөн дээр хийсэн судалгааны үр дүнд “2019-nCov” вирусийн эхний тохиолдлууд өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүл үеэс эхлэн хөнгөн хэлбэрээр гарсан болохыг тогтоосон. Мөн Хятадын эрдэмтдийн багийн хийсэн судалгаанд “2019-nCov” вирусийн генийн бүтэц “SARS” өвчний вирустэй 80 хувь ижил байгаа ч үүнээс илүүтэйгээр сарьсан багваахайн генийн бүтэцтэй 96 хувь тохирч байгаа аж. Коронавирусийн бусад төрлүүд болох “SARS” өвчний хувьд суусар, илбэнх зэрэг амьтнаас дамжин хүнд халдварлаж байсан бол “MERS” өвчний хувьд тэмээнээс үүсэлтэй байжээ.

Дэлхийн улсууд одоогоор эсийн төвшинд “2019-nCov” вирусийн эсрэг сайн үйлчилгээтэй хэд хэдэн эмчилгээний аргыг боловсруулаад байна. Харин вакцин гаргаж авах ажил эрчимтэй үргэлжилсээр байгаа бөгөөд амжилттай туршигдсан нэг ч тохиолдол албан ёсоор баталгаажаагүй. Тухайлбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд Хонконг дахь лабораторид коронвирусийн эсрэг вакцин боловсруулсан болохыг мэдээлсэн. Гэсэн ч уг вакциныг амьтанд турших хүртэл хэдэн сар, эмчилгээнд нэвтрүүлэх хүртэл дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай. АНУ-ын эрдэмтэд ч гэсэн вакцин боловсруулсан талаар мэдээлсэн ч эмчилгээнд нэвтрүүлэх хугацаа ижил байх нь гарцаагүй. Тиймээс иргэд уг өвчнөөс өөрийгөө хамгаалах хамгийн найдвартай арга бол баталгаажсан эх сурвалжуудын мэдээлсэн зөвлөгөө, зөвлөмжүүд аж.

-“2019-nCov” вирус хэр хурдацтай тархаж байгаа вэ, БНХАУ-ын эрх баригчид нас баралтын тоог  дарж мэдээлж байгаа юу?

-Худал мэдээлэл 4: “2019-nCov” вирус хүнээс-хүнд халдах хурд буюу “R0” маш өндөр байгаа.

-Худал мэдээлэл 5 : Хятадад 10000 орчим хүн коронавирусийн халдвараар нас барсан.

-Худал мэдээлэл 6: Билл & Мелинда Гейтс сан тэргүүтэй нөлөө бүхий сайн үйлсийн байгууллагууд коронавирусийн халдвараар нас барах хүний тоо 65 сая давна гэж тооцоолсон.

Энэ төрлийн худал мэдээллүүд нь мөн л цахим гэмт хэргийн бүлэглэлүүд болон цахим орчин дахь хувь хүмүүсийн блог, хэлэлцүүлгийн самбарууд дээр хамгийн идэвхтэй тархаж байгаа аж. Хамгийн аюултай нь энэ мэт албан ёсны эх сурвалжаар баталгаажаагүй цуурхал төдий мэдээллүүд нь нийгэмд айдас үүсгэж, эмх замбараагүй байдал, үймээн дэгдэх эрсдэлийг дагуулж байна.

Factcheck: Дэлхий дахинд хэд хэдэн эрдэмтдийн баг туршилтын үр дүнд “2019-nCov” вирус хүнээс-хүнд халдах хурдыг өөр өөрөөр тодорхойлоод байна. Халдварт өвчний тархах хурд буюу “R0” гэдэг нь тухайн халдварт өвчнөөр халдварласан нэг хүн цаашид хэдэн хүнд халдаах хурдыг нэрлэдэг аж. Тухайлбал, хамгийн хурдан тархдаг улаан-бурхан өвчний “R0” 12-18 байдаг. ДЭМБ-ын зүгээс “2019-nCov” вирусийн тархалтын эхэн үед уг өвчний “R0”-г 1.4-2.5 гэж тооцоолж байв. Харин “Imperial Collage London”-ын эрдэмтэд энэ тоог 2.6, Швейцарын Бернийн их сургуулийн эрдэмтэд 1.4-3.8, Харвардын судлаачид 2.-3.1 гэж тодорхойлсон байна. Эрдэмтдийн туршилтаар тогтоосон эдгээр тоонууд нь бүгд урьдчилсан дүгнэлт бөгөөд өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй. Гэсэн ч энэ нь “R0” нь 2-5-д хэлбэлздэг ижил төрлийн “SARS”-ын вирустэй харьцуулахад тийм ч ноцтой тоо биш аж. Тиймээс Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвараар 10000 гаруй хүн нас барсан, БНХАУ-ын эрх баригчид нас барсан иргэдийн тоог худал мэдээлж байгаа, нас барах хүмүүсийн тоо 65 саяд хүрнэ зэрэг нь бүгд ор үндэслэлгүй, баталгаажаагүй мэдээлэлд тооцогдож байна.

-Худал мэдээлэл 7: Амны хаалт, маск коронавирусийн эсрэг ямар ч үр дүнгүй, мэс заслын ердийн маск вирусээс хамгаалдаггүй.

-Худал мэдээлэл 8: Коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүнд байгаа учир ДЭМБ дэлхий дахинд онц байдал зарласан.

Factcheck: Эдгээр мэдээллүүдийн хувьд худал гэдгээс илүүтэй өрөөсгөл ойлголтууд байгаа болохыг цохон тэмдэглэжээ. Амны маскын хувьд хүн амын төвлөрөл ихтэй хотуудад олон нийтийн газар, нийтийн тээврээр зорчихдоо аль болох үүнийг байнга хэрэглэж байхыг зөвлөжээ. Мэдээж өвчтөн болон вирусийн дээжтэй тогтмол харьцаж буй эмч, сувилагч нарын хувьд мэс заслын ердийн амны маск ямар ч хамгаалалт болж чадахгүй. Тиймээс эрсдэл бүхий эмч, сувилагч, лабораторийн ажилчид тусгай амны хаалтыг хэрэглэж буй.

ДЭМБ-ын хувьд дэлхий дахинд онц байдал зарлахдаа коронавирусийн тархалтын нөхцөл байдал бус эрүүл мэндийн үйлчилгээ, техник технологи хомс орнуудыг учирч болох эрсдлээс хамгаалах үүднээс энэ алхмыг хэрэгжүүлэх болсноо мэдэгдсэн. Дэлхийн эдийн засагт учрах хор хохирол, хүмүүнлэг, тусламжийн үйл ажиллагаанд тулгарах хүндрэл, харилцаа холбооны бэрхшээл, олон нийтийн хүлээн авах байдал зэрэг маш олон асуудлыг авч үзсэний эцэст “Global Health Emergency of International concern” протоколыг хэрэгжүүлдэг. Энэ тохиолдолд ямар ч бэлтгэлгүй хөгжил буурай орнуудад коронавирусийн халдвар тархах хурд хөгжингүй орнуудтай харьцуулахад хэд дахин өндөр байна. Тиймээс үүнийг наад зах нь дэлхий дахин “2019-nCov” вирусийн халдварт нэрвэгдэх, тодорхой бүс нутгийг хязгаарлах замаар тархалтыг тогтоох хоёрын хооронд эдийн засагт учрах хохирлын хэмжээ ямар байх вэ гэх энгийн асуултаар тайлбарлаж болох аж.

Нэмэлт мэдээлэл өгөхөд нийгэмд “2019-nCov” вирус чийгтэй орчинд хурдан тархдаг гэх мэдээлэл эргэлзээ дагуулж буй. Тэгвэл АНУ-ын Микро-биологийн судалгааны хүрээлэн болон Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтдийн багийн туршилтын үр дүнгүүдээр коронавирус цельсийн нэмэх 4 хэм бүхий ердийн чийгшилтэй орчинд 5-28 хоног амьдарч чаддаг болохыг олж тогтоосон бөгөөд цельсийн нэмэх 20 хэмээс дээш дулаан орчинд хурдан идэвхгүй болдог аж.