Н.Энхбаярын ДӨРӨВ дэх сонгуульдаа мөн нэр дэвших эрхгүй болжээ

Moderator
21 цаг 15 минутын өмнө

Цагтаа намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалуудад  нэр дэвшин сонгогдож, алдар нэр, эрх мэдлийн оргилд явсан Н.Энхбаяр 2012 оноос хойших гурван удаагийн сонгуульд  оролцож эрхээ төрөөс авч чадаагүй.  Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй байдал дахин үүсч мэдэхээр нөхцөл байдал  бий болов.

2012 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ:  МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТУУ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5.2 заалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр хангаагүй гэж үзэн, дэвшүүлэхээс татгалзсан юм. Уг заалтад, “…нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ” гэж заасан байдаг билээ.

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ:  ЯЛТАЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд  УИХ-д нэр дэвшихээр шийдээд байсан ч хуулийн байгууллагуудаас “Ялтай хугацаа нь дуусаагүй” гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг биеэр эдлэх ялыг өршөөсөн хэдий ч ялтай хугацааг өршөөгөөгүй гэж хуульчид тайлбарлаж байв. Тухайн үед Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хорооны гадаа өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ЯЛТАЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэж мэдэгдэж байв. Гэвч Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-нд гарснаас эхлэн таван жил үргэлжлэх тул 2017 оны наймдугаар хүртэл ЯЛТАЙ  гэсэн өмнөх тайлбар хэрэгжсэн юм.

 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ: АВЛИГЫН ХЭРГЭЭР ШИЙТГЭГДСЭН БОЛ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ

УИХ-аар хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулинд “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” заалт амжилттай шигдэж чадсан. Уг заалтыг О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар ажлын хэсэг дээр санал болгож, унаж байсан гэх. Гэвч байнгын хорооны хуралдаан дээр дахин оруулж, гишүүдийн дэмжлэгийг авчээ. Харин чуулганаар хэлэлцэх үеэр нь О.Баасанхүү гишүүн уг саналаас  нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Ингэснээр Т.Аюурсайхан гишүүний гаргасан саналыг  анхны хэлэлцүүлэг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр уг асуудлаар С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Д.Тогтохсүрэн нартай уулзсан. Тэдэнд  уг заалт дэмжигдлээ гэхэд цэц дээр унах нигуртайг сануулав. Гэвч чуулган дээр уг санал дэмжигдсэн юм. Одоо эцсийн хэлэлцүүлэг дээр л засахгүй бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИх-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.

Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Н.Энбаяр, Ерөнхийлөгчийн сонгуулийг НЭГ, УИХ-ын сонгуулийн ГУРВАН  удаа өнжсөн болох билээ. Хамгийн гол нь Н.Энхбаярын улстөр лүү оруулж ирсэн О.Баасанхүү 2020 оны сонгуульд түүнийг дэвшүүлэхгүй байх саналыг эхлэн гаргаад, дараа нь өөрөө нэрээ татсан нь ихээхэн анхаарал татав.