Сахал Д.Эрдэнэбилэг дахин нэг банкны хувьцаа авахаар санаархаж эхэлжээ

Moderator
2019/10/28

Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр баривчилсан байдаг.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, өнгөрсөн зургаадугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, прокуророос Д.Эрдэнэбилэг нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад өнгөрөгч тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. 

Энэ хугацаанд Д.Эрдэнэ­билэгийн хууч өвчин сэдэрсэн тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсад зорчих шаардлагатай болсон хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт хүргүүлж, улмаар хилийн хоригийг цуцалсан юм. Харин түүнд холбогдох хавтаст хэргийг прокуророос албан ёсоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл бий. 

Дээрх хэргийн шалгалтын явцын талаар эх сурвалжаас тодруулахад “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явагдаж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өглөө. 

Яллагдагч Д.Эрдэнэ­билэгийн тухайд тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч наймдугаар сард гаднын улсад очиж, эрүүл мэндийн үйлчилгээ аваад Монгол Улсад эргэн ирсэн ба энэ хугацаанд түүнийг "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчмын хугацаанд хэлцэл хийж буй талаар зарим хэвлэлүүд бичиж эхлээд байна.

Энэ тухай тодруулбал, Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны 54.4 хувийг эзэмшигч Хидео Савадатай уулзаж хэлцэл хийхээр болсон ч татгалзсан хариу авсан гэх мэдээлэл байна. "Хаан" банкны нийт хувьцааны 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь “Эйч Эс Интернэйшнл” компани буюу нийт 54.4 хувийг нь Хидео Савада эзэмшдэг. Мөн олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг нь, 36.28 хувийг "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар эзэмшдэг ажээ. Дээрх хэлцлийн тухай Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчөөс тодруулахад "Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өглөө.