Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ гэсэн тооцоо байв. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа гэдгийг албаныхан хэлсэн байдаг.Арван сарын эхний долоо хоногийн байдлаар нийт 55286 тонн түлш борлуулсан байна. Борлуулалт дагаад эрсдэл эхлэв үү?
АНХНЫ ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛ ЭНЭ САРЫН 3-НД БҮРТГЭГДЛЭЭ
“Техникийн шаардлага хангаагүй зууханд галлагаа хийсэн” гэдэг шалтгааны үндсэн дээр шахмал түлшний угаарт хордсон хоёр тохиолдол бүртгэгджээ. Сайжруулсан түлшний хувьд “ямар ч төрлийн зууханд түлэх боломжтой” гэдэг нь бодит байдлаас зөрөв бололтой. Дээрх тохиолдлуудад Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрсдлийн үнэлгээ хийж “бага эрсдэлтэй” гэж тодорхойлсон байна.Хамгийн анхны хордсон тохиолдлын тухайд албаны зүгээс ямар тайлбарыг өгсөн байдаг вэ?
“Таван толгой түлш ” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан: “Айл өрх бүр шахмал түлшийг зориулалтын зууханд нь түлэх хэрэгтэй. Энгийн зууханд эхлээд модоо хийж асаагаад дараа нь нүүрсээ хийдэг бол төслийн зууханд эхлээд сайжруулсан түлшээ хийгээд дээр нь модоо тавьж ноцоогоод шатаана. Дүүргэх эсвэл хэт бага түлш хийвэл дутуу шатдаг учраас галын хотлынхоо 60-70 хувийг дүүргэх нь хамгийн тохиромжтой” гэсэн юм.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа сайжруулсан түлшний түүхий эдийн 95 хувь нь Таван толгойн сайн чанарын нүүрс, үлдсэн 5 хувь нь нано технологийн хөө, тортог дарах бүрэн шаталтыг дэмжигч бодис, үр тарианаас гаргаж авсан барьцалдуулагч цардуул байдаг. Дээрх бодисууд нь ямар нэгэн химийн орц найрлагагүй. Гагцхүү аюулгүй ажиллагааг хангаж пийшин, яндангаа хөөлөх, шаардлага хангасан зуухыг ахуйн хэрэглээндээ хэрэглэх нь чухал гэсэн байна.
Тэгвэл эрдэмтний зүгээс ямар тайлбарыг өгсөн бэ?
Доктор Д.Наранбаатар: “Нүүрстөрөгчийн дан исэл нь ямар нэгэн өнгөгүй, үнэргүй байдаг. Байх ёстой хэмжээ нь нэг сая молекул дотор 70 ширхэг дан исэл байхад хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж тархи үхдэг. Хүний цусанд хүчилтөрөгчөөс 100 дахин хурдан орох чадвартай маш аюултай химийн хорт утаа. Түлшийг зөв хэрэглэнэ гэдэг нь хэцүү” хэмээжээ.
ДАХИН НЭГ ӨДӨР ӨНГӨРӨХӨД 16 ХҮН УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ, ХОЁР ХҮҮХЭД, ХОЁР ТОМ ХҮН НАС БАРЛАА
Угаарын хийнд хордсон 16 хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд ирсэн. Тэр дундаас 15 настай хүүгийн бие хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлжээ.Тухайн хүүгийн ээж болон хоёр, дөрвөн настай хоёр хүүхэдугаарын хордлогоос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарав.Ингээд Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаан зарлаж дээрх асуудлыг хэлэлцэхээр болсон юм.
Албаны зүгээс ямар тайлбарыг хийсэн бэ?
Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:"Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэв.
Харин “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Энэ түлшийг зөв зохистой хэрэглэх ёстой. Сайжруулсан түлшээр иргэд буруу галлаж байна. Мөн иргэд сойлт хаалтаа хааснаас ийм асуудал гарч байгаа. Бүх зууханд хэрэглэх боломжтой гэдгийг хэлсэн байна.
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ДОТООДЫН БОЛОН ГАДААДЫН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР “ХЭВИЙН” ГЭЖ ГАРАВ
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Мөн түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлсэн бөгөөд эхнээсээ “Хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй” дүгнэлт гарсан байна.
Бас нэгэн өөр эх сурвалжийн тайлбарыг энд оруулах нь зүйтэй.
АН-ын бүлгийн төлөөлөгч М.Тулгат: “Агаарын бохирдол болон үүнтэй тэмцэх ажлын хүрээнд сар болгон мэдээлэл авч нөхцөл байдлын явцтай танилцаж ирсэн. Гэвч зарим нэг мэдээлэл дутуу ирсэн байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр сайжруулсан түлшний чанарын талаар “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлт гарч байж.Энэ бол Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас.” гэжээ.
УТАА, АГААРЫН БОХИРДОЛ БУУРЧ БАЙГАА Ч ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ ЁСГҮЙ
УИХ-ын дарга болон зарим гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээр орж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээллийг хүргүүлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар:“Сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал” гэж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ?
Хордсон тохиолдол бүртгэгдэж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2019. Аравдугаар сарын 03-15)313 иргэн угаартаж, хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгснөөс 120 хүүхэд, 173 том хүн байсан. Насанд хүрсэн 22 хүн, долоон хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээгээ хийсэн. Одоогоор долоон хүний амь нас эрсэдсэний хоёр нь бага насны хүүхэд.
Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд есөн тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан, 2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ. Харин 2019 оныг ярих уу яах вэ?
Одоо амь насаараа хохирсон иргэдийн ар гэрийнхны яриаг хүргэе.
ҮЙЛДВЭРЛЭСЭН ХҮМҮҮС НЬ “АРЬСАА” ИХ ХАМГААЛЖ БАЙНА
“Долоон хүн нас барсан гэдэг бол худлаа тоо. Биднийг хүүхдээ алдчихсан эмнэлэгт байхад нэг айлаас таван хүн угаартаж ирээд хоёр нь нас бараад гурав нь эрчимт эмчилгээ рүү орж байсан. Нас барсан хүний тоо болон угаартсан хүний тоог нууж байна.
Яагаад хүний амь хохирохоос өмнө заавар зөвлөмжөө өгөөгүй юм бэ. Монголчууд өчнөөн жил галаа түлээд ирсэн. Тэгэхэд галлагаа хэрхэн хийхийг бидэнд заах ёстой гэдэг тайлбар хэлээд зогсож байна. Шахмал түлшинд асуудал байхгүй юм бол энэ олон “үхэл” юу юм бэ гэж асуумаар байна. Үйлдвэрлэсэн хүмүүс нь “арьсаа” их хамгаалж байна” гэж тэд ярьсан юм.
Энэ бүхнээс харахад “Хүний амь нас эрсэдсэн нь харамсалтай ч утааны хэмжээ мэдэгдэхүйц багассан. Үргэлжлүүлэн шахмал түлшийг түлнэ” гэдэг дүгнэлтэд хүрч болох ажээ. Агаарын бохирдлыг бууруулах ээлжит энэ алхамсайн ч бай саарч бай ДАХИН ХҮНИЙ АЛТАН АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ.
medee.mn
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ