Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн сарын 19-нд Төрийн ордонд болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцана шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” хэмээн салбарын сайд Ч.Улаанд айлгах сүрдүүлэхийн завсар онцгой сануулга өгөөд авсан.
Ерөнхий сайдын сануулгын хариу ажил хэрэг болж, үндэсний хэдхэн компаниудад бөөн дарамт , санхүүгийн их хэмжээний хохирол авчирч эхэлжээ.
Юу гэвэл мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй гарын арван хуруунд багтах компаниудаа мах гаргах эрхийг шууд орхижээ.Тэд хамгийн багадаа 3-5 жил хөөцөлдөн байж монгол малын махыг гаргах гэрээ үзэглэж чаджээ. Мах, махан бүтээгдэхүүнээ гаргаж эхлээд удаагүй байтал тусгай эрхийг нь шууд хааж, үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүргэсэн гэдгийг хэллээ. Ерөнхий сайдын сануулгыг биелүүлэх ажил ийнхүү өрнөж буй нь тэр аж. Нэг л өдөр махаа гарга, болно бүтнэ хэмээн улсын тамга тэмдэг бүхийн сүртэй зөвшөөрөл өгөөд, харин хэдхэн сарын дараа шууд хүчингүй болгодог төрийн бодлого юутай гачлантай.
БНХАУ руу мах экспортолдог Монгол компанийн нэрс
Үндэсний компанийн захирал /нэрээ нууцлахыг хүсэв. Учир нь танайх ямар их хэвлэлд ханддаг юм бэ гэсэн дарамт салдаггүйг учирлав/ дараах мэдээллийг өглөө.
“Манай үйлдвэр байгуулагдаад удаагүй ч 30 монгол хүнийг ажлын байраар хангадаг. Мах экспортлох зөвшөөрлөө арай гэж аваад, ОХУ-ын компанитай гэрээ хийн мах гаргах ажлаа эхлүүлсэн юм. Гэтэл ажлаа эхлээд удаагүй байтал Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэсэн нэрийн дор мах экспортлох эрхийг зогсоочихлоо. Түншүүд маань найдваргүй, итгэлгүй гээд л баахан гомдол тээгээд үлдсэн. Хамгийн аймшигтай нь монголчуудтай бизнес хийх ийм аюултай. Дахиж хамтрах юм биш гэж хэлээд явсан” гэв.
Тухайн компани зах зээлийн судалгаа хийж, хаанас, ямар мах авахаа төлөвлөж ажлын байраа нэмэгдүүлж, энэ өвлийн ажилдаа эрч хүчтэй орж явсан нь талаар болжээ. Махны үнэ тэнгэрт хадаж, зах зээлд хомсдол үүссэн нь эрх мэдэлтнүүдэд тал засч үйл ажиллагаа явуулах эрхээ авсан БНХАУ-ын компаниудтай шууд холбоотой аж. Тэд мөнгө ихтэй учир их хэмжээгээр мах авч нутаг руугаа гаргадгаас мах элбэг байна гэдэг нүдний гэм болсон аж. Эрэлт нийлүүлэлтээр зах зээл зохицуулагддаг хуультай ч зохиомол хомсдол үүсгэх ажлыг тэд хийсээр байгааг үндэсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл ярьж байна. Хязгаарлах, хазаарлах бодлогодоо үндэсний гэх тодотголтой хэдэн компанийг үлдээж болохгүй гэж үү гэсэн гуйлтыг ч тэд тээнэ билээ.
Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ихэнх нь хятад захиралтай хятад иргэд аж. Тэд Эмээлт дэх монголчуудаар малаа гаргуулж цөөн хэдэн төгрөг өгдөгөө болиод сүүлийн үед олон тооны хятад, Өвөр Монгол иргэдийг авчирч зүй бусаар мал гарган, нядалж байгааг харсанаа монголчууд хэлж байна.
Мал аж ахуйн орон гэгдэж 70 сая малтай хэмээн гайхуулдаг монголчууд бид ирэх жил хямд мах идэхийг хэн хүнгүй л хүсч байна. Хар толгойгоо аварч, махны үнийг хямд байлгах гэсэндээ үндэсний компаниудаа үгүй хийж болохгүй Ч.Улаан сайд аа. Ёстой л нуухыг нь авах гэж нүдийг сохолдгийг санагдуулам шийдвэрийг ХХААХҮЯ-ныхан гаргажээ.
Зарим нэг тоо баримтаас дурдъя.
2017 оны 12 сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5 аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй 8 аж ахуйн нэгж ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж тус тус байдаг тухай ХХХҮЯ-наас сайтанд бичжээ. Гэхдээ зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бүхэн тогтмол ажилладагггүйн дээр монгол малын махыг шүлхийтэй хэмээн авахаас татгалзсан нь цөөнгүй аж.
Эх сурвалж:ХХААХҮЯ
БНХАУ руу мах экспортолдог компанийн нэрс
http://www.cnca.gov.cn/ywzl/gjgnhz/jkzl/imports-list/meat/Mongolia20180326.pdf
ОХУ руу мах экспортолдог компанийн нэрс
http://www.fsvps.ru/fsvps/importExport/mongolia/
Зах зээлээ хамгаалж, эрэлт нийлүүлэлтээ тэнцвэржүүлэх арга, бодлого ердөө л энэ хэдэн үндсэний компанийн үйл ажиллагааг зогсоох юм гэж үү.
Хааж боож, торгож, төлбөр тавьж, хясах боомилох аргаас өөр нүдээ олсон бодлого монголчуудын хүнсний асуудлыг зохицуулж буй бүхэл бүтэн яамныхнаас гарахгүй байгаа нь харамсалтай.
Маргааш үр тариа, улаан буудайны үнийг өсгөхгүй байх арга хэмжээ ав гэж Засгийн газраас үүрэг өгвөл яамныхан ямар арга бодож олох бол....
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно