Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон арван өдрийн гүйлтийн нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод болж, 27 орны 72 тамирчин оролцлоо.
Сүүлийн жилүүдэд олон өдрийн, хэт холын зайн гүйлтэд тогтмол амжилттай оролцож байгаа спортын мастер Бямбаагийн Буджаргал эрчүүдийн арван өдрийн гүйлтийн ангилалд 1221.8 км замыг туулж түрүүллээ.

Б.Буджаргал гүйлтийн спортоор 24 жил хичээллэж байгаа. Нэг өдрийн буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга. Монгол улсын рекорд амжилтыг эзэмшигч юм. Б.Буджаргал арван өдрийн гүйлтийн тус тэмцээнд зургаа дахь удаагаа оролцож, ийнхүү хошой аварга болж байна. 2014 онд анх удаа оролцож тавдугаар байр, 2015 онд 10 дугаар байр, 2016 онд дөрөвдүгээр байр, 2017 онд түрүүлж, 2018 онд хоёрдугаар байр эзэлж байлаа. Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болсон хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд түрүүлсэн.
Б.Буджаргал Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж өссөн. Түүнийг хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга болоод ирэхэд нь нутгийн олон нь “Чи амжилтаа говь л гэж бодоорой” гэж хэлж байсан гэдэг. Б.Буджаргал “Үнэхээр ч миний төрж өссөн нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай байдаг нь хүнд тэсвэр, тэвчээр аливааг сөрж давах чадварыг суулгадаг. Тиймээс ч манай нутгаас тэсвэрийн спортын мастерууд олноороо төрсөн байдаг болов уу. Намайг сурагч байхад манай гэр аймгийн төвөөсөө 5 км-ын зайтай байсан. Энэ нь гүйлтийн спортыг сонгох суурь болж өгсөн гэж боддог” гэж нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.

Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийн тавцанд мандуулж яваа нутгийн тамирчиндаа “Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж баяр хүргэж, урамшуулан шагнасан байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ