ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна

Moderator
1 цаг 21 минутын өмнө

Монгол Улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн ивээл дор бүтээх “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал ботийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.

Гадаад харилцааны яаманд зохион байгуулж буй энэхүү уулзалтад олон улсын 20 орчим эрдэмтэн, судлаач, шинжээч болон ЮНЕСКО-ийн төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болгон судалж, баримтжуулах санаачилгыг 2023 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы үеэр дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилгыг тус байгууллагын гишүүн орнууд дэмжиж, холбогдох тогтоолыг баталжээ.

Улмаар 2025 онд Монгол Улс, ЮНЕСКО хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар цуврал бүтээлийг туурвих ажил албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна.

Олон улсын эрдэмтэн судлаачдын хамтран бүтээх энэхүү цувралд Ази, Африк, Европ зэрэг бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, түүхэн онцлогийг археологийн олдвор, бичгийн сурвалж, угсаатны зүйн баримтад тулгуурлан судалж, нэгтгэхээр төлөвлөжээ.

Эхний ботийг “Төв болон Дотоод Ази” хэмээн нэрлэж, Монголын тал нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхийг голлон тусгах юм.

Арваннэгдүгээр сарын 9-10-нд үргэлжлэх зөвлөлдөх уулзалтаар цуврал бүтээлийн үзэл баримтлал, бүтэц, хамрах хүрээ, судалгааны арга зүйг хэлэлцэнэ. Мөн эхний ботийн агуулга, судалгааны үндсэн чиглэл, эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалтыг тодорхойлохоор төлөвлөжээ.

Энэхүү уулзалт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буйгаараа онцлогтой.

ЮНЕСКО-ийн ивээл дор хэрэгжих уг төсөл нь Монголын төдийгүй дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн үлдээх зорилготой юм.

Уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна