С.Амарсайхан: Төрийн алба авилгын хар авдартай болж, хувь хүртдэг болсон нь нууц биш

Moderator
2019/04/29

Өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Тендерийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, тендер шалгаруулалтын процессыг элдэв хардлага сэрдлэггүй, авлигаас ангид, олон нийтийн хараа хяналтан дор зохион байгуулахын тулд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Тендерийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол санал нийслэлд ирдэг. Тендер зохион байгуулагчдын зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос шан харамж хэлбэрээр “10 хувийн цавчаа” авдаг болсныг хэн хүнгүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг, байх ёстой зүйл мэт ойлгодог хандлага ч газар авчээ. Үүнээс болж тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг, төрийн алба авлигын “хар авдар”-тай болж, зарим албан хаагч ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэхэд анхаарлаа хандуулдаг болсон нь нууц биш. Би Нийслэлийн Засаг даргын хувьд ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Авлигагүй Улаанбаатарын төлөө ажиллах болно” хэмээн онцоллоо. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулахыг зорьж буй аж ахуйн нэгж, компаниуд өнөөдрөөс эхлэн албан тушаалтад өгдөг 10 хувиараа ажлаа чанартай, зарласан хугацаандаа хийж гүйцэтгэхэд зарцуулаг болж, тэр мөнгөөрөө 10 хүн цалинжуулж, 10 гэр бүлд тус нэмэр болох учиртай гэдгийг онцлон хэллээ.