Монгол Улсад анх удаа 10 сая тонн ган үйлдвэрлэх эхлэл тавигдлаа

Moderator
2019/04/27

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд өмнөд хөршид төрийн айлчлал хийж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төрийн тэргүүнтэй уулзаж хэлэлцээ хийхийнхээ өмнө "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой" гэдгийг онцлон хэлж байв.

image

Төрийн айлчлалын хүрээнд дараах баримт бичгийг байгуулсан юм.

  • Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө
  • “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын тохиролцоо
  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын Зам тээврийн яам хоорондын протокол
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал

Ийнхүү хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурснаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улсад хийж буй Төрийн айлчлалын үндсэн хэсэг өндөрлөсөн.

image

-ХОЁР ОРНЫ БҮХИЙ Л САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ ГЭВ-

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал зүйл яригдсан нь уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарна гэсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан. Тухайлбал, БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч ажиллана. Мөн Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээн байр сууриа илэрхийлсэн. Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийгдсэн.

image

БНХАУ-ын дарга Ши Жиньпин: "Хятад, Монгол уул усаараа холбогдсон хөршүүд. Бидний энэ удаагийн уулзалт хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны урилгаар Төрийн айлчлал хийж, таны санаачилсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт хоёр орны хооронд чухал ач холбогдолтой гэж үзэж байна хэмээв. Хамтдаа бүтээх, харилцан ашигтай хамтдаа хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно" гэж найдаж байгаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд болсон.

image

-ХУВИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭРЭЭГ ЯМАР НЭГЭН УЛСЫН БАТАЛГАА ХИЙЛГҮЙГЭЭР БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд айлчлалын талаар хэвлэл өгсөн ярилцлагадаа "Энэхүү төрийн айлчлалын хүрээнд хоёр орны тэргүүн нар уулзалтынхаа дараа төрийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах найман санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн хоёр орны хувийн хэвшлийнхэн баримт бичигт гарын үсэг зурцгаасан. Тухайлбал, Монгол Улсаас кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах тухай Монголын “Эрдэнэс стийл” болон “Сино стийл” компанийн хамтын ажиллагааны хэлэлцээр, мөн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайн 300 мВт-ын цахилгаан станцын хэлэлцээрт сая гарын үсэг зурсан. Кокс, ган төмөрлөгийн үйлдвэр байгуулах хэлэлцээрийн онцлог нь Монгол Улсад анх удаа 10 сая тонн ган үйлдвэрлэх эхлэл тавигдаж байна. Энэ үйлдвэрийн нэгдүгээр ээлж болох нэг сая тонн гангийн үйлдвэр Чойрт, дараагийнх нь Сайншандад байгуулагдах юм. Энд Засгийн газрын баталгаа байхгүй. Цэвэр хувийн хэвшлийнхэн хоорондоо хийж байгаа.

Бөөрөлжүүтэд анх удаа 300 мВт-ын хувийн цахилгаан станц барих гэрээг ямар нэгэн улсын баталгаа хийлгүйгээр байгууллаа. Нийтдээ Засгийн газрын харьяа агентлаг хоорондын болон хувийн хэвшил хооронд 20 орчим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Үр дүнд нь 20 орчим бичиг баримт зурагдсан. Эдгээр бичиг баримт үр дүнгээ өөрөө илэрхийлэх байх" гэжээ.