Хамгийн их шударга ёс ярьж, сүүлийн үед "Эрдэнэтийн 49", С.Зоригийн хэрэг дээр илүүтэй "ажиллах" болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлаар ганц үг ч ганхийлгүй ирсэн. Өмнөд Африкийн Стандарт банкнаас 160 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүү гэгчид "Эрдэнэт"-ийг барьцаанд тавих гарын үсгийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг нар тавьсан гэх бөгөөд энэ асуудлаас бол 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргуулж, төлсөн тухай өчигдөр Шадар сай Ө.Энхтүвшин "баяр хөөртэй"-гөөр дуулгав. Уг нь гаднаас худалдаж авсан 49-ийн асуудлаас илүү гадаадад барьцаанд тавьсан 51-ийн хэрэг эдийн засгийн хувьд илүү хохиролтой. Учир нь Ш.Батхүүгийн барьцаанд тавьсан өрийг төлсөн "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая ам.доллар бол Монголын төрийн мөнгө. Ц.Нямдоржийн хэлдгээр ард түмний хөрөнгө билээ.
Өнгөрсөн гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхний өмнө "Эрдэнэт" үйлдвэрийн 49 талынхныг хөөж гаргаж, өрөөг нь лацдаж сүрийг үзүүлсэн нь Ш.Батхүүгийн өрийг төлөх зорилготой байсныг хэн мэдлээ.
Үйл явдлын дэс дарааг нь хөөвөл ийм л хардлага төрж байна. Хэрэвзээ "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хөөж гаргахгүй бол 40 сая ам.долларыг бусдын өрөнд шилжүүлэхийг хувийн хэвшлийнхэн зөвшөөрөхгүй шүү дээ.
Шадар сайд Ө.Энхтүвшингийн өгсөн тайлбараас харвал Эрдэнэт үйлдвэрээс Стандарт банк 86.95 сая ам.доллар нэхэмжилсэн. Ингээд Лондонгийн арбитрын шүүх "Эрдэнэт" үйлдвэр 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаснаас Монголын тал ярьж хөөрч байж 40 сая ам.доллар болгуулсан бололтой. Английн дээд шүүх "Эрдэнэт" үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, Стандарт банкны өр төлбарийн асуудлыг шийдэхгүй бол эд хөрөнгийг нь битүүмжлэхээс гадна "Эрдэнэт"-ийн 51 хувийг гуравдагч этгээд буюу хятадуудад зарах асуудал гадаад талд хүчтэй өрнөж эхэлсэн байна. Иймээс гаднаас олж ирсэн 49 хувийг дээрэмдсэн Монголын төр гадагшаа 51 хувиа алдаж магадгүй эрсдэлд орсон учраас 40 сая ам.долларыг "Эрдэнэт"-ийн Эрсдлийн сан буюу манай эх оронч дарга нарын тайлбарлаж ирснээс Монголын ард түмний өмчөөс төлсөн аж.
Монголын төрийн өмчийг гадаадад барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн асуудал ийм эрсдэл үүсгэж байхад 20 жил хуулийн шударга сайд хийсэн Ц.Нямдорж таг чиг.
Уг нь энэ бол Ц.Нямдоржийн гол анхаарлаа хандуулах асуудал бөгөөд "Эрдэнэт"-ийг барьцаанд тавиулж, өрөнд оруулсан Ш.Батхүүд гарын үсгээ зурж өгсөн Д.Сугарыг өнөөг хүртэл хорьж шалгахгүй байгаа нь өөрийнх нь үргэлж ярьж, имижээ хийж ирсэн шударга ёстой нь зөрчилдөж байна. Ш.Батхүүгийн дуулиан бол "Эрдэнэт" үйлдвэр яагаад 100 хувь төрд очиж болохгүй вэ гэдгийн хамгийн тод жишээ. "Эрдэнэт"-ийн 49 хувийг дээрэмдсэн Монголын төр бүхэлд нь хэрхэн тонож, идэж дуусгахыг Монголын ард түмэн харсаар л суух болно. Ард түмний баялаг гэж хэзээ ч байдаггүй бөгөөд зөвхөн төрийн том дарга нарын "өмч" байдаг. "Эрдэнэт"-эд энэ асуудал дахин давтагдахгүй гэх баталгаагүй бөгөөд энэ үйлдвэр өдгөө дарга нарын ах дүү хамаатан саднаар дүүрнэ гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Ах дүү нараа ажилд шахсан манай дарга нар араас нь "тонох" ажиллагаагаа явуулна. Үүнийг л Ц.Нямдорж хүсч өнгөрсөн гурван жилийн хугацаанд үхэн хатан улстөржсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" бүх ард түмний өмч бөгөөд Ц.Нямдоржийн хүү бүүр том шахаа хийх боломжтой болно гэсэн үг.
Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд Ц.Нямдорж Оросоос олж ирсэн 49 хувийг л ярьж, эсэргүүцснээс гадаадад зарагдахдаа тулсан 51 хувийг огт дурдаагүй. Тэгэхээр манай хуулийн сайдын шударга ёс жинхэнээсээ "шодоргос" болжээ гэмээр.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана