ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг хуулийн хариуцлагаас мултлахын тулд ЭРҮҮГИЙН ХУУЛЬД өөрчлөлт оруулах уу

Moderator
2019/04/02

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудыг хуулийн хариуцлагаас мултлахаар тохирчээ.

2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд Албан тушаалын гэмт хэрэгт ХОХИРЛЫН ХЭР ХЭМЖЭЭГ шаардахыг болиулсан . Ингэснээр АТГ-ын мөрдөн байцаагч нарын албан тушаалын гэмт хэргийг шалгах ажил 10 дахин нэмэгдсэн гэдэг. Шинэ эрүүгийн хуулийн энэ заалт хэрэгжиж эхэлснээр жилдээ 30 албан тушаалын гэмт хэрэг шалгадаг байсан нь 300 болж нэмэгдсэн байна.

Тэгвэл хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн энэ заалтыг өөрчилж албан тушаалын гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнгүй болгож ХОХИРЛЫН ХЭМ, ХЭМЖЭЭГ энэ төрлийн гэмт хэрэгт шаарддаг болгож байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, албан тушаалын гэмт хэрэгт 10 сая төгрөгөөс дээш мөнгөн хохирол бодитой учруулж байж хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал бий болно гэсэн үг. 2017 оны долдугаар сарын 1-ээс өмнө хэрэгжиж байсан хуучин Эрүүгийн хууль шиг болгож өөрчилнө гэсэн үг юм.

Ингэснээр “Би зээл авсан. Эргүүлээд төлсөн. Одоо хохирол байхгүй” гэж яриад буй ЖДҮХС-аас зээл албан тушаалтнууд өөрсдийгөө зөвтгөх боломжтой болох юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ЖДҮХС-аас зээл авсан үйлдэл нь л тэднийг хуулийн хариуцлага хүлээлгэхээр байгаа юм.

Харин хуулийн энэ заалтыг өөрчилж тэдгээр гишүүдийг хуулийн хариуцлагаас мултруулах аргыг хэрэглэхээр тохирсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Болорчулуун, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос УИХ-д оруулж магадгүй гэх мэдээлэл бий. Гэхдээ Улсын Ерөнхий прокурор болон орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулбал уг асуудал хөндөгдөхгүй үлдэж мэдэхээр байна.

Мөн “Энэ хүнд ЖДҮХС-аас зээл гаргаж өгнө үү” гэж бичиг явуулж бусдын шийдвэр гаргах эрх, байдалд нөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох заалтыг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулан боловсруулж Хууль зүйн сайд Ц.Нямдоржид өгсөн ч тэрбээр УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхгүй “хав дарсан” гэх мэдээлэл байгаа юм.

Энэ нь ЖДҮХС-аас зээл авсан болон өөрийн хамаарал бүхий компани, аж, ахуй нэгжид зээл авч өгсөн УИХ-ын гишүүдийг хамгаалж буй нэг хэлбэр гэх хардлага байна.

Одоо мөрдөгдөж буй хуулиар өөрөө гарын үсэг зурж, шийдвэр гаргаагүй ч бусдын шийдвэр гаргах үйл явцад нөлөө үзүүлсэн албан тушаал, эрх бүхий байдлаа ашигласан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй байгаа билээ.

 

Эх сурвалж: Medee.MN