ЖДҮдсэн гишүүдийн тоо улам нэмэгдээд 49 болсон гэнэ

Moderator
2019/03/26

ЖДҮХ сангаас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий ойр дотнын хүмүүс зээл авсан асуудал тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу 2009-2018 оны хооронд нэг их наяд төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгосон байна.

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл авч, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан УИХ-ын 20 гаруй гишүүдийн хэргийг АТГ шалгаж, прокурор хяналт тавьж байгаа хэмээн мэдээлэгдэж байсан. Таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргасан билээ.

Уг зээлийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн тоо 49 болсон гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсандаа онцолжээ.

Тэрбээр “Тоонд утга байдаг гэж үнэн болов уу. ЖДҮ авсан 49 гишүүнтэй болсон болохыг албан ёсоор би мэдэгдэж байна. Шалгалтын ажлын хэсэг шалгаад дууссан байна. Ерөнхийлөгч улс төрийн зөвлөхгүй болсон. Энэ хүнд хэцүү үед өмнө хэвлэлийн нөхөр ЖДҮ-дсэн байдаг. Одоо бас нэг зөвлөх нь ЖДҮ туусан байна” хэмээн жиргэсэн байна.

Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдэд биш эрх барьж байгаа намын томчуудын мөнгө угаах бизнест орсон байдаг. Уг сангаас зээл авсан гишүүд эрх баригчдын тоо нэмэгдэж 49 болтлоо өссөнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

image