М.Эхболдын хүн гэгдэх дарга нарыг ажлаас нь чөлөөлж эхэллээ

Moderator
2019/02/28

НИТХ-ын төлөөлөгч дунд  Ц.Сандуйгийн талынхан буюу /угтаа М.Энхболдын талынхан/ С.Мөнхчулууныг дэмжигчид анх 24 байсан бол уржигдрын С.Амарсайханыг Нийслэлийн засаг дарга болгох хуралдаан дээр 19 болж буурсан нь анзаарагдсан. Гэхдээ 19 бол том хүч. Тэд зүгээр суухгүй нь мэдээж.

Нийслэл хот шинэ даргатай болсонтой холбоотойгоор хотын орлогч дарга нарыг өөрчлөх тухай яригдаж эхэлжээ. Өдгөө нийслэлийн орлогчоор П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр, Ж.Батбаясгалан нар ажиллаж байгаагаас Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү, ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Энхтөр нар солигдох нь тодорхой болжээ.

Энэ хоёр орлогч өнгөрсөн хоёр удаагийн хотын даргын сунгаанд илэрхий Ц.Сандуйгийн тал буюу С.Мөнхчулууныг дэмжсэн гэсэн үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болж байна гэсэн яриа гарч байгаа аж

Цаашлаад Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нарыг эхний ээлжинд үлдээх аж. Уг гарвалаараа Т.Бадамжунайгийн хүн гэгддэг Ж.Батбаясгалан сүүлийн үеийн улс төрийн шийдвэрүүдэд У.Хүрэлсүхийн талд "гараа өргөж" байгаагаасаа шалтгаалан албан тушаалтайгаа үлдэж байгаа гэсэн яриа ч бий. 

С.Амарсайхан өнөөдрөөс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн салбарын сайдаас илүү "амттай, бяртай" албан тушаалдаа ханцуй шамлан орж байна. У.Хүрэлсүхийн талынхан улс төрийн ялалт байгуулсаар ирсэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд замдаа тээглэсэн хэнийг ч болов "зайлуулж" ялалтын тугаа мандуулсаар байгаа.

Тэдний ээлжит давалгаанд шинэ хотын даргын нөлөөгөөр НИТХ-ын дарга, хотын орлогч нар, захирагчийн ажлын алба, харьяа газар, агентлагуудын дарга нар өөрчлөгдөх бололтой.