НМХГ-ын ДҮГНЭЛТ: Цусан суулгын халдвартай ажилтнаас хоол хүнсээр дамжин халдвар үүссэн

Moderator
2019/02/18

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ хоолны газарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ТУС БҮРТ 5 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Ямар хариуцлага тооцох вэ? 
"Таванбогд фүүдс" компанийн дотоод хяналт хангалтгүйгээс халдвар үүссэн. Тиймээс тус салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчил тус бүрт 5 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Мөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдолд үндэслэн хохирлыг бүрэн барагдуулах хуулийн хариуцлага хүлээнэ гэж мэдээлэв. 

Энэ бүх шинжилгээнд үндэслэн "Өвчтөнөөс хоол хүнсээр дамжин үүссэн хоолны хордлогот халдвар" гэж дүгнэлт хийсэн. Үүнд үндсэнд "Таван фүүдс" компанийн дотоод хяналт сул, ажилтнуудынхаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээг журмын дагуу хийдэггүйгээс үүдэлтэй гэж үзэж байна. 

Зайсан дахь салбарын үйл ажиллагааг Прокурорын зөвшөөрлөөр түр хугацаагаар хаасан. Энэ шинжилгээний дүнд үндэслэн KFC-гийн бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр ажиллаж байна. 

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүн зургаан сарын турш эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Энэ ажилтан зургаан жил ажиллаж байгаа юм байна. Тухайн ажилтан нян тээгч  эсэхийг нарийвчилсан шинжилгээгээр тодруулна гэж мэдээлэв. 

KFC Зайсан салбарын дээжид хийсэн шинжилгээний дүнг танилцуулъя. Зургаан өдрийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, тоног, төхөөрөмж, угаалга шинжилгээ зэрэг нийт 94 дээж болон сорьцод шинжилгээ хийсэн. 

Зайсан дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, ажлын байрны угаалга цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаа явуулсан. 

Илэрсэн зөрчлүүд: 

  • Тус салбар 28 ажилчинтай. Ажилчид нь арьсны халдварын шинжилгээнд хамрагдаагүй. Шинжилгээ өгөөгүй байхад эмнэлгийн бичиг авсан. Ажилчдын эрүүл мэндэд хяналт тавьдаггүй. 
  • Хоол үйлдвэрлэлд ажиллагсад мэргэжлийн үнэмлэхгүй, дотоодоо сургаж ажиллуулсан  хүмүүс байсан. 

Лабораторийн шинжилгээгээр: 

  • Мэргэжлийн хяналтын төв лабораторид KFC-гээс 133 дээж ирсэн. Нийт дээжийн 6.7 хувь нь эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй дүн гарлаа. 
  • 4 өвчтөн, 21 ажилчнаас авсан шинжилгээгээр шигелийн төрлийн нян илэрсэн. 
  • Ундны уснаас халуун тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн.  Нитратын бохирдол илэрсэн нь ус удаан хугацаагаар бохирдолтой байсан гэсэн үг. 
  • Ундаанаас Е-колли нян илэрсэн
  • Тахианы ясгүй махнаас нян илэрсэн. 39 арчдас шинжилснээс гуравт нь нянгийн бохирдол илэрсэн гэж мэдээлэв. 

Хоёрдугаар сарын 12-ноос эхлэн өнөөдрийг хүртэл 147 хүн өвчилснөөс 42 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.