Зайсан дахь “KFC” сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн 78 иргэн ХӨСҮТ-д хандсанаас 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 37-д хүрээд байна.
Эдгээр хүмүүс ойр ойрхон цусархаг гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах гэсэн эмнэл зүйн шинжтэйгээр ХӨСҮТ-д ханджээ. Бидэнд тус төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдээс “KFC” түргэн хоолны газрын холбогдох албаны хүмүүс ирж уулзахгүй, утсаар залгаад “Уучлаарай” гээд ч хэлчихгүй таг алга боллоо. Эцэст сүүлдээ тэдний бүтээгдэхүүнийг мөнгөөрөө худалдаж авч идсэн бидний буруу болох нь. Тиймээс бид дуу хоолойгоо хүргэмээр байна” гэсэн хүсэлтийг ирүүлсэн юм.
Хохирогчдын өгсөн мэдээллээр тэднээс цусан суулга өвчин үүсгэдэг нян илэрсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цусан суулгаар үүсгэгдсэн нянгаар халдварласан хүн эмчилгээгээ дутуу хийлгэвэл “Эрүүл нян тээгч” болох эрсдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, өөрөө өвдөхгүй хирнээ бусдыг өвчлүүлээд явдаг. Эдгээр хүмүүс эмнэлгээс гарсан хойноо гурван сарын турш эмчийн хяналтад байж сар бүр шинжилгээ өгөх аж.
Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Урьдчилсан байдлаар өвчтөнүүдээс шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ирэх долоо хоногт гаргана” гэх тайлбарыг өгөв.
ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварт өвчний тасагт очиход хөл хөдөлгөөн ихтэй хүүхдээ сахиж буй эцэг, эхчүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна гэсээр биднийг угтав. Тус эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирсан ч тайвшрах болоогүй цаашид гэдэс ходоодонд ямар сөрөг үр дагавар гарахгүй мэдэхгүй айдастай байгаа гэдгээ эцэг, эхчүүд хэлж байв. Харин томчууд нь олон хоног суулгалт өгснөөр биеийнх нь дархлаа муудаж нүдэн дээр нь өвдөг гарах, бүдүүн гэдэс нь шархлан цус алдаж буй талаараа ярьж байсан юм. Мөн өвчтөнүүдийн ихэнх нь нэг гэр бүлийнхэн учраас олон хоног ажлаасаа чөлөө авснаар санхүүгийн хямралд орох эрсдэл үүсчээ. Бид өвчтөнүүдийн төлөөлөл болгож гурван хүний сэтгэгдлийг сонслоо.
-ХОРДЛОГО АВААД ЗУРГАА ХОНОЖ БАЙХАД “ТАВАН БОГД” ГРУППИЙН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮС НЬ ЯРИАГҮЙ БАЙНА
Баянгол дүүргийн V хорооны иргэн О.Барсболд: Хоёрдугаар сарын 09-ны өдөр Зайсан дахь “KFC”-ийн салбараар 16:30-17:00 цагийн үед миний бие, эхнэр, хоёр дүүтэйгээ хамт үйлчлүүлсэн. Тухайн өдрийн орой эхнэрийн маань бие арзайгаад , дотор муухайраад байхаар нь “Хөдөөнөөс өлсөж ирээд огцом юм идэхээр ингэж байна” гэж бодоод халуун бууруулах эм өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь эхнэр маань халуурч, гүйлгэж эхэлсэн. Төд удалгүй надад дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Бид “KFC”-ийн түргэн хоолноос хордлого аваад зургаа хонох гэж байхад “Таван богд” группээс нэг ч удаа залгаж уучлалт гуйсангүй. Бид өөрсдөө холбогдож хэлэхэд “Манайд ийм асуудал үүссэн нь үнэн. Халдвартын эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх” гэсэн тайлбарыг өгөөд “Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас өөр тайлбар өгөхгүй боломжгүй” гэсэн. Олон хоног суулгахаар цагаан мах эргэж цус алдаж, дархлаа мууддаг юм байна. Мөн хоёр нүдэн дээр өвдөг гарсан. Шарлага хийлгээрэй гэсэн боловч эмнэлгээс гарах ямар ч боломжгүй одоохондоо үрэвсэл дарах эм гаднаас авч ууж байгаа. Хордлого авсан эхний хоёр хоногтоо хоолны үнэр авч чадахгүй бөөлжиж байсан. Одоо эмчилгээ хийлгээд харьцангуй гайгүй болж байна.
-НАЙМАН НАСТАЙ ОХИН МИНЬ АЛХАХ ТЭНХЭЛГҮЙ БОЛТЛОО
ШИНГЭН АЛДСАН-
“KFC”-ийн түргэн хоолноос хордлого авсан хүүхдүүдээ сахиж буй Д.Зулаа: Хоёрдугаар сарын 10-ны өдөр 17:30-19:00 цагийн хооронд манай хоёр охин хамаатныхаа ах, эгч нартайгаа 4, 9 настай үеэлүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Зайсан дахь “KFC”-ийн салбараар үйлчлүүлсэн юмаа. Хамаатны гурван гэр бүлийн есөн хүн хордлого авчихсан эмчлүүлж байна. Энэ сарын 12-ны өдрөөс хоёр хүүхэд маань гүйлгээд бөөлжөөд эхлэхээр сургууль руу нь утасдаж “Өдрийн цайндаа ямар юу идсэн. Манай хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илрээд байна” гэтэл ангийнхан нь хүүхдүүд зүгээр байсан. Манай хүүхдүүд эмнэлэгт хэвтээд гурав хонож байна. Одоо болтол “KFC”-ээс холбогдож уучлалт гуйгаагүй таг чиг алга болчихлоо. Хүүхдүүд маань хоол ундандаа муу “Идэхгүй л” гээд байна. Хордлогын шинж тэмдэг хурц илэрч байх үед найман настай охин минь гэрээсээ алхаад гарч чадахгүй болтлоо шингэн алдсан. Эмнэлэгт үзүүлэхийн тулд гэрээсээ үүрээд гарсан. Халуун бууруулах эм өгөөд байхад л халуун нь буухгүй 40 хэм хүрсэн. Завсар зайгүй суулгалт өгч 4-5 удаа өмдөндөө бие зассан. Сүүлдээ энэ байдлаасаа охин маань айгаад “Ээжээ би яагаад өмдөндөө баагаад байгаа юм бэ” гэж уйлаад шөнөжингөө юм болсон. Маш олон хүн “KFC”-ийн хоолноос хордлого авч эрүүл мэндээрээ хохирч, хичээл сургууль, ажил төрлөө цалгардуулж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “KFC”-г буруугүй мэтээр бичсэн байгааг хараад харамсаж байна.
“KFC”-Д ТӨРСӨН ӨДӨР ТЭМДЭГЛЭСЭН ЗУРГААН АЙЛЫН ЕСӨН ХҮҮХЭД ХООЛНЫ ХОРДЛОГО АВСАН-
Сонгинохайрхан дүүргийн XII хорооны иргэн Б.Дэлгэрмаа: Хоёрдугаар сарын 09-ны өдөр том жижиг нийлсэн 15 хүн Зайсан дахь “KFC”-ийн салбараас пицца, давхар бургер, шарсан төмс, гэр бүлийн багц гээд ер нь тэнд байдаг бүх л бүтээгдэхүүнээс идсэн л дээ. Тухайн өдрөө томчууд нь гүйлгэж эхэлсэн. Хүүхдүүд нь 11-нээс хичээлээс орж ирээд л бүгд сулбайгаад л гүйлгэж, халуурч эхэлсэн. Манай охин маш өндөр халуурч эм уусан ч халуун нь буухгүй ХӨСҮТ-д цусаар гүйлгэж ирсэн. Засвар зайгүй гүйлгэж, гэдсээ бариад л орилоод байсан. Энэ эмнэлэгт гурав, гэрээрээ 5-6 хүүхэд эмчлүүлж байна. Зарим нь “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байхад “KFC”-ээс нэг ч удаа холбоо бариагүй. Зургаан айлын есөн хүүхэд хордлого авсан. Том нь 10 настай хамгийн бага нь ой гарантай.
“Таван богд” групп айлын жаахан хүүхдүүд хордуулж хаячхаад уучлалт гуйхгүй байгаад үнэхээр их гайхаж байна. Биднийг хамгийн анх үзүүлэхээр ирэхэд эмч нар хүүхдүүдийг маань насан туршдаа гэдэсний халдварт нян тээгч болох магадлалтай гэсэн.
Цаашлаад нян нь үржээд байвал ходоодыг нь шархлуулах сөрөг үр дагавартай гэж байна. Эмч “Цаашид гарах сөрөг үр дагавар байгаа шүү. Хордлогын шинж тэмдэг нь гайгүй илэрсэн хүүхдүүддээ авчирч ирж үзүүлээрэй” гэхээр нь өчигдөр том жижиггүй ирж шинжилгээ өглөө. Ирэх долоо хоногийн мягмар гаригаас хариу нь гарна гэсэн. Хүүхдүүд маань цаашид ходоод гэдэсний эмгэгтэй болохыг үгүйсгэхгүй айгаад л байна. Анх манай охиныг эмнэлэгт хэвтэхэд өрөөнүүд нь хүнгүй шахам байсан. Гэтэл өнөөдөр дүүрчихсэн нэг давхарт ирсэн дүүг нь эгчтэй нь хамт хэвтүүлэх гэсэн сул ор алга.
Хүмүүс нэмэгдэж ирээд нэмэлтээр ор тавьж байна. Дэлхийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлсэн гэх “Таван богд” группийн “KFC” түргэн хоолны газрыг найдвартай гэж бодоод үйлчлүүлсэн. Гэтэл холбогдох албаны хүмүүс нь өнөөдрийг хүртэл хохирогч бидэнтэй уулзсангүй, утсаар ярьсангүй, уучлалт гуйсангүй. Тиймээс цаашид явдаг газраар нь явж тэмцэнэ.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна