Зайсан дахь KFC сүлжээ рестораны салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны гүн хордлогын халдвар авсан гэх мэдээлэл нийгмийг нэлээдгүй шуугиулаад байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-ын байцаагчид дээрх мэдээллийг авсны дараагаар тус салбарт очиж тоног төхөөрөмж, хоолны дээж, ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлж буй бөгөөд салбарын 28 ажилчнаас нян тээгч илрүүлэгч шинжилгээг авчээ.
НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Зайсан KFC салбарт ажиллаж байсан нийт 28 хүнээс ХӨСҮТ шинжилгээ авсан. Яг одоогийн байдлаар манайд албан ёсны шинжилгээний хариуг өгөөгүй байна. Мөн лабораторийн шинжилгээний хариу бас хараахан гараагүй байна. Нян судлалын шинжилгээгээр бол өвчин үүсгэгчийг судлахад гурав хоног шаардлагатай. Бид энэ оны хоёрдугаар 12-ны өдрийн 20 цагийн орчимд хамгийн сүүлчийн шинжилгээг авч дууссан" гэлээ.
Түүнчлэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Home Plaza KFC салбараас хоолны хордлого авсан гэсэн мэдээлэл НМХГ-т ирсэн бөгөөд дээж аван шинжилгээ хийж байгаа аж.
Энэ үеэр өмнөх онуудад НМХГ-аас тус салбарт хийсэн эрүүл ахуйн шалгалтын үнэлгээг танилцуулав. Уг хариунд KFC ресторан нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд бага эрсдэлтэй, 2018 онд дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ авч байжээ. Мөн тус сүлжээ ресторан нь хоолонд ашигладаг тахиануудаа БНХАУ-ын Шандунь мужаас импортолдог гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Лабораторийн төвийн эрхлэгч М.Бадамцэцэг “Хордлого үүсгэгч нян, бусад химийн гаралтай хоруудыг хайж байна. Олон хүн асууж байгаа. Лабораторийн дүн яагаад гарахгүй байна гэж. Хөгц, мөөгөнцрийн эмгэг тээгч нянгийн шинжилгээг нарийн гаргахын тулд олон дахин шинжилгээ хийх ёстой. Шинжилгээний урьдчилсан дүнг хурдан гаргах боломжгүй юм. Ирэх даваа гаригт дүн гарна" гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчийн "Ямар дээжнээс эрсдэл илэрсэн бэ?" гэх асуултанд Лабораторийн төвийн эрхлэгч М.Бадамцэцэг "Бүх дээжнээс эрсдэлтэй" гэж хариуллаа. Одоогийн байдлаар шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдөр эцсийн байдлаар хариу нь гарах аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ