Мартагдашгүй түүх “Соёлын довтолгоо” кино дэлгэцнээ...

Moderator
2019/01/21

“Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд Корпорэйт конвэйшн центрт болов.

 

Одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн юм. Монголчууд бид нүүдлийн амьдарлаас хотын аж төрөх ёс руу шилжихээр соёлын соёлын довтолгоо эхлүүлээд 60 жил өнгөрчээ. Энэ бол бидний мартах учиргүй үнэн түүх гэдгийг уран бүтээлчид хэлж байна.

Киноны нээлтийн үеэр МУГЖ П.Эрдэнэзаан хэлэхдээ, “Монголын ард түмний түүхийн нэгэн үечлэл, бидний мэддэг хэрнээ мэддэггүй, тэр тусмаа малчдын амьдрал ахуй, оюун сэтгэлгээний соёлд үнэхээр их өөрчлөлт хийсэн үйл явцыг уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэдээ толилуулж байгаадаа баяртай байна. Энэ уран бүтээлд мэргэжилдээ эзэн болсон хүчирхэг баг ажилласнаараа онцлогтой. Өнөөгийн нийгэмд хотын, харилцааны, сэтгэхүйн соёл яригдаж байна. Тиймээс бид цаг үетэйгээ нийцсэн, хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Киноны үйл явдал нь тухайн цаг үед амьдарч байсан хүмүүст залуу насыг нь сэргээж, залууст соёлын довтолгоо гэж юу болохыг харуулах болно” гэв.

Тус киноны зураг авалт 2018 оны зургадугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг дээр эхэлж, сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Киноны найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан бол гол дүрд М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Х.Цасчихэр, олны хэсэг буюу нутгийн ардын дүрд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

Улс орон даяар 1959 онд "Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болов. Энэхүү "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөнө...

Энэхүү киногоор уран бүтээлчид “Соёлоор улам бүр довтолгохтун”, “Эрүүл, соёлч ахуйг хэвшүүлцгээе”, “Хотын хөдөлгөөний дүрмийг хүн бүр биелүүлье” гэсэн мессежийг олон нийтэд хүргэхийг зорьжээ.

“СОЁЛЫН ДОВТОЛГОО” ХИЙХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Ж.МӨНХСАЙХАН: Энэхүү уран бүтээл нь түүхэн драмын чиглэлийн уран бүтээл гэдгээрээ онцлогтой. Кино зохиолыг зургаан сарын хугацаанд бичиж чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Киноны тухайд 1959 оны төв хорооны тушаалаар улс орон даяар гурван жилийн хугацаанд соёлын довтолгоо өрнөж буй түүхэн үйл явцыг харуулсан. Тус киноны найруулагчаар бид өнгөрсөн жил шинэ жилийн баярын контентод хамтарч ажилласан н.Мөнхболд гэх залуу найруулсан. Миний дүр бол их харгис дүр. Далхаа бол соёлын довтолгоог эхлүүлэхээр төв хорооноос ариун цэврийн байцаагчаар томилогдон ирсэн залуу бий. Энэ киног бид бүтээхдээ өнөө цагт “соёлын довтолгоо” хийх цаг болжээ гэсэн үүднээс бид дуу хоолойгоо нэгтэж, уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд нь “мессеж” өгч байгаа юм.

М.БАЯРМАГНАЙ: Бид бүхэн арван жилийн дараа дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээ хийлээ. Энэ киног хийхэд хамтран ажилласан уран бүтээлчид, баг хамт олондоо баярлалаа. Энэхүү уран бүтээлээрээ бид дахин соёлын довтолгоо хийх цаг нь болчхоод байгаа гэдгийг илэрхийлэхийг хичээсэн.

П.ЭРДЭНЭЗААН: “Соёлын довтолгоо” хэмээх түүхэн сонирхолтой үеийг энэхүү кино харуулна. Яагаад энэ уран бүтээлийг хийсэн бэ гэхээр одоо бид дахин соёлын довтолгоо хийх цаг нь болсон. Өнөөгийн нийгэмд хотын соёл, харилцааны соёл, сэтгэхүйн соёл яригдаж байна. Бид цаг үетэйгээ нийцэж энэ уран бүтээлийг хийж байгаа юм болов уу. Тухайн цаг үед төр, засгийн бодлогоор соёлжсон бол өнөө цагт бид яаж соёлжихоо мэдэхгүй байна. Тиймээс энэ сэдвийг хөндөж кино бүтээсэн юм. Дүрүүдийн хувьд түүхэн дүрүүд байгаа. Үзэгчид маань ирээд үзэхэд тухайн цаг үеэр аялж уран бүтээлчдийн илэрхийлэх гэсэн санааг олж харах байх.

Ш.ЖАВХЛАН: Манай продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Түүхэн уран бүтээл гэдгээрээ манай кино онцлогтой. Киноны тухайд 1959 онд ард түмэн соёлын довтолгоо өрнөж байхад түүнийг яаж хүлээж авч байсан бэ гэдгийг өгүүлнэ. Нөгөө талаар өнөө цагийн залууст соёлын довтолгоо хэмээх түүхэн үйл явдал болж байсныг харуулах зорилготой. Мөн одоогийн нийгэмд Монголын залуучууд соёлын довтолгоонд орох хэрэгтэй болчхоод байгаа юм. Бид киногоо хийхийн өмнө энэ чиглэлээр судалж, тухайн үед байсан хүмүүстэй уулзан тэр үед болсон үйл явдлыг кинондоо шингээсэн байгаа. Түүхэн гэдэг утгаараа бидэнд худлаа зүйл байж болохгүй. Миний дүрийн хувьд соёлжихыг хүсэхгүй, түүнийг хүлээж авахгүй байгаа хөрөнгөтэй айлын эхнэрийн дүрд ажилласан.

Дашрамд, одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны хурлаар бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн нь түүхийн хуудаснаа бичигдсэн билээ.