УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон, УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн, хуулийн дагуу шаардлага тавих юм бол энэ албан тушаалыг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой.
Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан.
Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна.Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.
Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд тайлбар няцаалт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй. Ийм учраас хэдэн зүйлийг хэлье.
МАНАН гэдэг үзэгдлийн талаар, үүнийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож намайг буруутгах зүйлүүдийг Бага хурал дээр ярьсан. МАНАН бол сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон ч юм уу улс төрийн учир шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх буруутгах байдлаар үүсгэсэн яриа.
Энэ МАНАН гэдэг нэрийн дор хууль тогтоох байгууллагатай холбоотой иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой зүйлийг ярьж байгаа.
Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож тухай үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Гишүүнээр томилогдсоны дараа 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргасан. Энэ 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан.
2006 онд би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл байдал үүсэхэд парламентад суудалтай таван намыг багтаасан Эв нэгдлийн гэдэг тодотголтой Засгийн газрын байгуулж ажилласан. Гэхдээ энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй ажиллах улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлээд 65 суудалтай, нийслэлд олонх болсон намыг хүлээлгэж өгсөн. Надад МАНАН-тай холбоотой явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Хоёрдугаарт, шударга бусын хонгил гэдэг зүйл ярьж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүргэнийг Эрдэнэс таван толгой компанийн тендерт оролцуулснаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Ингэж эхэлснээр намайг шударга бусын хонгилд оруулж, хэлмэгдүүлж байна гэсэн зүйл ярьж байна.
Өчигдрийн хурлын үеэр намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа зөвлөх ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж зууралдаад байгаа зүйл байхгүй гэсэн. Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгэсэн.
Мөн надтай холбоотой ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол би Ц.Нямдоржийг шүүхэд өгнө.
Сүүлийн 6 сарын турш над руу янз, янзын л дарамт ирж байгаа. Намынхаа нэг залуутай сөргөөцөлдөөд яахав гэж бодоод би тэвчээртэй хандаж байгаа" хэмээн ярилаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн албыг наймаалцаж байхад та яагаад дуугүй байсан юм бэ?
-60 тэрбумын схемд орооцолдсон зүйл байхгүй. Намын дарга байхад сонгуулийн санхүүжилт зэрэгтэй холбоотой олон зүйл яригддаг. Гэхдээ үүнээс бүтэх нь цөөхөн, бүтэхгүй нь олон байдаг.
-40 гишүүн гарын үсэг цуглуулж таныг огцрохыг шаардаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-40 гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ өнөөдөр хуулийн хүрээнд үндэслэлтэй байна уу үгүй юу гэдгийг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороог хуралдтал Их хурлыг удирдахгүй гэдгээ мэдэгдсэн.
Буулт хийх, ойлголцох зүйлийг өчигдөр ярьсан. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж, хүлээж авсан гэсэн. Би гишүүний хувиар гарын үсэг зурсан. Их хурлын даргын хувиар хүлээж авсан. Би хуулийн дагуу УИХ-ын даргаар томилогдсон. Мөн хуулийн дагуу чөлөөлөгдөнө.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ