Алдаагаа давтсан А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо

Moderator
2018/12/08

Дэвжээнийхээ залуу бөхөд гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд буй Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болсон байна. Түүнийг Японы Сумо бөхийн холбооноос Фүкүокад болох өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, хэргийг дахин нягтлахаар болоод байсан. Гэвч тэрээр өөрийн бурууг хүлээж, ийм шийдвэр гаргах болсон талаар Японы хэвлэлүүдэд бичиж эхэллээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Таканоива А.Баасандорж ёкозуна Харумафүжид зодуулсан хэмээн гомдол гаргаж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Энэ нь сумо бөхийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээж байсан юм. Энэ хэргийн дараахан ёкозуна Харумафүжи зодог тайлж, сумо бөхийн ертөнцийг орхисон. Японы Сумо бөхийн холбоо энэ хэрэг явдлын дараа ахин ийм зүйл болохгүй хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байсан ч жилийн дараа А.Баасандож өөрөө  ёс зүйн алдаа гаргасан нь энэ юм.

Хэргийг дахин сануулахад, Таканоива А.Баасандорж орон нутагт болж буй тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчрахаа мартсанд нь буруутган нүүрэнд нь цохисон байна. Японы Сумо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны мэдээлж буйгаар туслах бөх хүнд бэртээгүй ч нүүр рүүгээ 4-5 удаа цохиулсан тул хавдаж, хөхөрсөн гэжээ.