У.Хүрэлсүх: Шударга ажиллах байр сууриндаа цаашдаа ХАМГААС ХАТУУ зогсоно

Moderator
2018/11/28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 гишүүний саналаар буюу 62.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Санал хураалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн хариултыг хүргэж байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Би М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулах санал тавиад, тэр асуудал нь Засгийн газрыг огцруулах асуудал болоод ирлээ. Надад заах яахав. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх үгээ хэлнэ. Та нар сайхан хүмүүс биш. Энэ дотор хулгайч нар сууж байгаа шүү. Наймаачид сууж байгаа. Би та нарыг мэднэ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. ЖДҮ гэдэг юм гарч ирж, Засгийн газрыг хөмрөх гэж байна. ЖДҮ зөв үедээ гарч ирлээ. Цаашдаа УИХ-ын гишүүн болъё гэж бодож байгаа бол ийм юм хийж болохгүй гэдгийг яс махаараа мэдэрч байгаа байх. Ард түмэнд ч сайн зүйл боллоо. Хулгай хийж болдоггүй юм байна, дарга хүн бусдаас дутуу байх ёстой гэдгийг эдгээр өдрүүдөд ойлгож байна. Би хэн нэгэн ялж байна гэж бодохгүй байгаа. Харин үүний цаана ухаарал авчирлаа. Засгийн газрын бүх ажил сайн гэж хэлэхгүй ээ. Харин би цаашдаа зарим хүнтэй хариуцлага тооцож ажиллана гэдгээ дахиад хэлье. Төрөө ч, намаа ч цэвэрлэх цаг болсон юм байна. Одоо зориглохгүй бол цаг алга. Үүнээс хойш цаг байхгүй шүү. Энд байгаа зарим нөхдүүд дахиад МАН-ын нэрийн өмнөөс дэвших эрхгүй гэдгийг дахин хэлье.

Өөрсдөө хулгайч байж, бусдыг хулгайч гэж хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор би олон зүйл ярина. Би ард түмэндээ шударга ажиллана гэж амласан. Зарим хүнд хариуцлага тооцож чадахгүй байна. УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд хариуцлага тооцож чадахгүй байна. Цаашдаа би энэ байр сууриндаа хамгаас хатуу зогсоно.