Б.Анхбаяр: Одоо баригдаж буй Газрын тосны үйлдвэрээс нэг литр бензин 900 төгрөгний үнэтэй гарна

Moderator
2018/11/27

Монголын төр сүүлийн 20 гаруй жил газрын тосны үйлдвэр барих талаар тасралтгүй  ярьж, шав тавьж, үе үеийн Засгийн газар шийдвэр гаргасан ч хэрэгжүүлж чадаагүй. Энэ удаа өмнөх шийдвэрүүдээс ялгаатай нь санхүүжилт баталгаатай. Учир нь Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихаар зээлийн шугамаа нээгээд ажиллаж байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагаа ямар шатандаа яваа талаар УУХҮЯ-ы Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус үйлдвэрийн хэлтсийн дарга Б.Анхбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээн авсан байна. ТЭЗҮ бүрэн бэлэн болсон гэж үзэж болох уу. ТЭЗҮ-д үйлдвэрийн хүчин чадал хэрхэн тусгагдсан бэ?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ өнгөрсөн долоо хоногт буюу арван нэгдүгээр сарын 15-нд Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, хүлээн авсан. Гэрээний дагуу үйлдвэрийн ТЭЗҮ-г 2018 оны хоёрдугаар сарын 19-нд бэлэн болох ёстой байсан. Гэтэл өнгөрсөн есөн сарын хугацаанд ТЭЗҮ-д тусгагдсан технологийн сонголт болон эдийн засгийн зарим асуудлаар Энэтхэгийн талтай үл ойлголцол үүссэн. Монгол Улсын талд ашигтай, илүү найдвартай технологийг сонгох, эдийн засгийн тооцооллыг бууруулах чиглэлд олон ажил энэ хугацаанд хийгдсэн. Үүний үр дүнд ТЭЗҮ-г хүлээн авлаа. 

Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний өртөг буюу  нэг литр бензин 900 орчим төгрөгийн үнэтэй байна

Хуралдаанд төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ТЭЗҮ-ийг боловсруулсан БНЭУ-ын Зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, инженерүүд оролцож төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан. Өргөтгөсөн байдлаар хуралдсан учир  салбар зөвлөлийн гишүүд санал, зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу ТЭЗҮ-д зарим нэг засвар оруулахаар болсон.  Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая газрын тос боловсруулж Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мян.тн авто бензин, 800 мян.тн дизель, 40 мян.тн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагдсан. 

-Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүний үнэ өртгийн тал дээр ямар тооцоололтой байгаа вэ?

-Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний үнээс бага байх нь тодорхой. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний өртөг буюу  нэг литр бензин 900 орчим төгрөгийн үнэтэй байна гэж тооцож байна. Харин бүтээгдэхүүний нийлүүлэлт эхэлсэн үед ямар үнийн бодлого баримталж, зах зээлд нийлүүлнэ гэдгийг төр зохицуулна.

-Газрын тос олборлолтыг 100 хувь БНХАУ-ын компани хийж байгаа шүү дээ. Ер нь одоо олборлолт хийж буй БНХАУ-ын хоёр том компани үндсэндээ өөрсдөдөө түүхий эд бэлтгэх зорилгоор хайгуулыг хийж, олборлолт эхлүүлсэн гэж ойлгож байна. Тиймээс зах зээлийн үнээр Монголын тал авна гэдэг санал тавьж хоёр тал тохиролцсон ч гэсэн бэрхшээл үүсэх магадлалтай биш үү. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үүнийг зохицуулж байгаа юм уу?

-Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газар илүү нарийн мэдээлэл өгнө гэж бодож байна. Ерөнхийдөө бид БНХАУ-ын олборлолт хийж буй компаниудтай уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд БНХАУ-ын Петро Чайна, Тачин тамсаг компаниуд “Хэрвээ та бүхэн газрын тос боловсруулах үйлдвэрээ барих юм бол нийлүүлэлт хийнэ. Бид бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгасан дагуу түүхий тос нийлүүлнэ гэсэн. Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрмийг дагана” гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар гэхээсээ илүүтэйгээр Газрын тосны тухай хуульд үүнийг нарийн зохицуулж өгсөн байдаг. Хэрвээ Монгол Улс Боловсруулах үйлдвэр барьж байгуулах юм бол одоо олборлолт хийж буй компаниуд тус үйлдвэрт түүхий тос нийлүүлнэ хэмээн хуулиараа зааж өгсөн гэсэн үг юм.

-Одоо газрын тосны олборлолт 1 сая тонн байгаа. Үйлдвэрийн хэрэгцээ ямар байхаар тусгагдсан бэ. Үйлдвэр ашиглалтад ороход түүхий эдээ хангах боломжтой юу?

-Ойрын 30 жилдээ ашиглалтын баталгаат нөөц хангалттай. Бид өөрсдийн үйлдвэрийг 1.5 сая тонн жилд боловсруулна гэж тооцсон. Тэгэхээр ойролцоогоор 45 сая тонн нөөц баталгаатай гэж хэлж болно. Яагаад ирэх 30-40 жилийн тооцоо бэлэн гаргасан бэ гэвэл одоо олборлолт хийж буй компаниудтай Бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхдээ энэ талаар ч нарийн тусгасан байдаг. 30 жилийн хугацаанд энэ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжинэ. Үүнээс цааш гэрээг үргэлжлүүлж сунгах ч боломжтой.

-Түүхий эдийг үйлдвэр рүү тээвэрлэх 600 гаруй км шугам хоолойн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Шугам хоолойн асуудлыг Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслөөс салгасан. Анх Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл хэмээн хамтад хэрэгжүүлэхээр тооцоолж байсан бол явцын дунд шугам хоолойг салгаж тусад нь төсөл болгож хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэтхэг улсаас өгч буй нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрээ барьж, шугам хоолойны хөрөнгийн эх үүсвэрийг  өөр сувгаас олъё гэж шийдвэрлэсэн. Төслийг салгасан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Энэтхэг улсын талаас шугам хоолойг 600 орчим сая төгрөгөөр барина гэж ТЭЗҮ дээр тусгасан. Энэ бол дэвшилтэт технологи. Олон улсын туршлагаас ажиглахад тус хоолойг хот суурин газрын ойр, байнгын цахилгаан үүсгэвэртэй ойр газар байршуулдаг. Харин манай улс хүнгүй шахуу тал дээгүүр 600 орчим километр татуулах гэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын зардал өндөр гарсан. Тиймээс шугам хоолойн талаар судалсан. ОХУ болон БНХАУ энэ талаар илүү өндөр туршлагатай юм билээ. Тиймээс илүү хямд өртөгтэй, манайд тохирсон хоолой бариулах боломжтой гэж харж байна. Тус улсуудтай ч холбоо тогтоож, нааштай хариу авсан.

2019 оны  есдүгээр сард үйлдвэрийн шавыг тавина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил эхэлчихсэн. ТЭЗҮ нь бэлэн болоогүй байхад эхэлчихлээ гэдэг шүүмжлэлийг бас их дагууллаа шүү дээ. Бүтээн байгуулалт ямар шатандаа яваа вэ?

-Одоо эхлээд явж байгаа ажлыг Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай дэд бүтцийн ажил гэж ойлгох ёстой. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох 27 орчим километр салаа төмөр зам, 17.8 орчим хатуу хучилттай авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл зэрэг нь одоогийн байдлаар 45 орчим хувьтай явж байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дуусч, хүлээн авсан. 2019 оны есдүгээр сар гэхэд замын болон төмөр замын ажил дуусна. Мөн түүнчлэн ТЭЗҮ хүлээн авсан гэдэг нь маргааш барилгын ажил эхэлнэ гэсэн үг биш. Одоо ТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын Эксим банктай хамтран зохион байгуулах юм. Газрын боловсруулах үйлдвэрийг барих, гүйцэтгэлийг хийх компанийг сонгон шалгаруулна гэсэн үг. Энэтхэгийн талаас оролцох кампаниудын хураангуй жагсаалтыг явуулна. Бид үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт хийнэ.

2022 ондоо Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно.

Үүний дараа зураг төслийн ажил эхэлнэ. Үйлдвэрийн ерөнхий дизайны ажил эхэлнэ. Эдгээр ажил дууссаны дараа технологийн лиценз эзэмшигчийг сонгох ажил явагдана. Гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажил үргэлжилнэ. Төлөвлөгөөний дагуу 2019 оны наймдугаар болон есдүгээр сард үйлдвэрийн шавыг тавина гэсэн төлөвлөгөө бий.

-2022 онд ашиглалтад орж амжих уу?

-Бид 2019 онд үйлдвэрийн ажил эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлбэл гурван жилийн хугацаанд үйлдвэрийг барина. Ямар нэгэн асуудал гарахгүй төлөвлөгөөний дагуу явбал 2022 ондоо Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэж харж байна.

-Үйлдвэрийн үр өгөөжийн талаар ТЭЗҮ-д хэрхэн тусгагдсан бэ. Дэлхийн машины үйлдвэрүүд 2025 гэхэд үйлдвэрлэх машиныхаа 50-70 хувийг цахилгаан болгохоор төлөвлөж байгаа. Арван жилийн дараа манайд явж буй машинуудын 50 орчим хувь нь цахилгаан болно гэсэн тооцоолол бий. Ингэхээр газрын тосны үнэ ч буурна гэсэн таамаглал бий.

-Бидний барих үйлдвэрийн технологи нь ямар бүтээгдэхүүн гаргах вэ буюу боловсруулах вэ гэдгээ сонгох боломжтой гэдгээрээ давуу талтай. Магадгүй бидэнд түлш хэрэггүй болсон тохиолдолд хий үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн олон сонголттой горимтой. Миний бодлоор дэлхийн хэрэглээ цахилгаан руу шилжиж байгаа хэдий ч манай улсын хувьд тийм хурдацтай өөрчлөлт ажиглагдана гэж харахгүй байна. Нөгөө талаар хийн болон нефтийн аж үйлдвэрийн салбарын суурь одоо л Монголд тавигдаж байна гэж хэлж болно. Аж үйлдвэрийн гурав, дөрөвдүгээр хувьсгал гэж ярьдаг. Монгол улс яг үнэндээ хаана яваа билээ. Бид дөрөвдүгээр үед орохын тулд хоёр гурвыг алгасах боломжтой юу гэдэг эргэлзээтэй. Үндсэн үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаж байж дараачийн алхам хийгдэнэ. Тиймээс энэ үйлдвэр баригдсанаар эрчим хүчний аюулгүй байдал гэдэг үүднээсээ төдийгүй аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь тавигдаж байна.

-Нэгд, манайх хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг. Хойд хөрш маань ийм хэмжээний экспортын боломжоо алдахгүй байхын төлөө бодлого баримтална гэж зарим хүмүүс сэрэмжилж байна. Харин урд хөрш манай түүхий эдийг авч улсдаа боловсруулж өөрийн хэрэгцээгээ хангахыг бодно гэж бас үзэж болно. Яамны хувьд ямар бодлого чиглэл баримталж арга хэмжээ авч байна вэ?

-БНХАУ болон ОХУ талаас ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Тэд сөрөг байр суурь илэрхийлээгүй байхад хоёр хөршдөө санаа зовж байгаа нь сонирхолтой л байна. ОХУ болон БНХАУ үнэхээр сөрөг байр суурьтай байсан бол өөрсдийн байр сууриа илэрхийлэх хангалттай хугацаа өнгөрлөө. Боловсруулах үйлдвэр барихтай холбогдуулж хориг тавих зэрэг арга хэмжээ авахгүй гэж бодож байна. Хэрвээ асуудал гарсан тохиолдолд бид яриа хэлэлцээр хийж аль болох бүтэх талаас нь хэлэлцэнэ. Монгол Улсын шатахууны салбарт ОХУ томоохон байр суурь эзэлж байгаа нь үнэн. Нэг талаасаа ОХУ талтай шугам хоолойн асуудлаар гэрээ хэлэлцээр хийж байгаа нь ОХУ талын оролцоог бий болгож байгаа хэрэг. Энэ яриа хэлэлцээр нэлээдгүй өндөр төвшинд хийгдэж байгаа. Харин БНХАУ-руу гарч буй түүхий тосны хэмжээ ойролцоогоор жилийн 900 мянгаас 1 сая  орчим тонн. Энэ нь БНХАУ-ын зах зээлд тийм ч жин дарахаар том тоо биш. Олборлолт хийж буй хоёр компани та бүхэн хамгийн гол нь үйлдвэрээ барьчих л гэсэн. Ямар ч асуудалгүйгээр Монгол Улсад газрын тос нийлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.