Хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Moderator
2018/11/27

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ "Монгол Улсын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд миний биеийг огцруулахаар санал гаргасан байна.

Нийслэл Улаанбаатар хотын 1,5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэг ажлаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна" гэжээ.


ЭХЛЭЛ: 18:55 ЦАГ

-НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВЛАА-

Өнөөдөр энэ сарын 23-ны өдөр эхэлсэн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжиллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж, танилцуулах шаардлага тавьснаар тус хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийхээр ирсэн юм. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж, Ерөнхий сайдыг хуралд биечлэн оролцох хүртэл дахин завсарлага авах санал гаргажээ. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлэхээр тогтсон байна.