УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын 40-өөд гишүүн УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй хэмээн “бойкот” хийж байгаагаа мэдэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр /2018.11.22/ Шаардах бичиг өргөн барьсан. Эдгээр 40 гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол УИХ-ын хуралдаанд суухгүй гэж мэдэгдлээ. Та бүхэн ямар учраас “бойкот” хийж байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүн бүх ард түмний нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах үүрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүд хоёр том шийдлийн өмнө байгаа. Нэгдүгээрт, 60 тэрбумын нөхдүүдтэй хариуцлага тооцох. 60 тэрбумын схемийг зохион байгуулж, төрийн албыг зарсан УИХ-ын даргын асуудлыг энд ярих ёстой. Хоёрдугаарт, хууль бус үйл ажиллагаанд оролцсон сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох асуудал байна. УИХ-д ярих асуудал их байна. Өчигдөр /2018.11.21/ УИХ-ын 40 гишүүн уулзсан. Хариуцлагыг УИХ-ын даргад хариуцлага тооцохоос эхэлье гэдэг дээр бид шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын бүлэглэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан бүлэглэл, концессчид, үргэлж хууль бус үйлдэл хийдэг УИХ-ын даргад хариуцлага тооцохгүйгээр Монголын төр цэвэрлэгдэхгүй юм байна. Тиймээс МАНАН-гийн бүлэглэлтэй хамтарч тэмцэе гэж УИХ-ын 40 гаруй гишүүн шийдвэр гаргасан юм. МАНАН-гийн гол толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэж хүн байгаа.
-Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн. Та Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?
-Эхлээд МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. Нам дамжсан мафийн толгойлогчоос салах ёстой. Дараа нь Засгийн газрын асуудлыг ярина. Засгийн газрыг огцруулах шиг амархан юм байхгүй. МАНАН-г зайлуулах, мафиас Монгол төрийг цэвэрлэх асуудал том зорилт юм. Үүний төлөө бид хамтдаа явна.
-ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Зөвхөн ЖДҮ-ийн зээл гэлтгүй “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүс бий. Цагаан суваргыг луйвардаж авсан. Концессоос өчнөөн зуун тэрбум төгрөг хулгайлж идсэн луйварчидтай бүгдтэй нь хариуцлага тооцох ёстой. ЖДҮ-ийн хулгайч нартай хариуцлага тооцох нь зөв. Бүдүүн хулгайч нартайгаа ч хариуцлага тооцох хэрэгтэй.
-АН-ын бүлгийн зарим гишүүн чуулганы хуралдаанд сууж байна. Чуулганыг “бойкот”-лох таны байр суурийг АН-ын гишүүд дэмжиж байгаа юу?
-Монгол төрийн түшээ монгол төрөө хамгаалах үүрэгтэй. Намын эрх ашиг гурав, дөрөв, аравдугаарт бичигддэг зүйл. Монгол төрийн түшээ Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавих үүрэгтэй. Манай бүлэг учраа олчихно. Санаа зоволтгүй.
-Энэ 40 гишүүн хэзээ хүртэл чуулганыг “бойкот”-лох вэ?
-УИХ-ын даргыг ажлаа өгтөл, огцортол “бойкот” үргэлжилнэ. Бид хуулийн хүрээнд шаардлага тавьж байгаа.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ