Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн билээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн билээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй гэж танхимаас мэдэгдлээ. Гэхдээ татвар төлөх бол Үндсэн хуульд заасан үүрэг. Төлөхгүй гэж уриалах нь хууль зөрчихгүй юү?
-Төр нийтийн санхүү буюу татвар төлөгчдийн мөнгийг төрийн институциуд, төрийн албан тушаалтнуудаас хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгаалалт Үндсэн хуульд байдаггүй юм. Үүнийг нь далимдуулсан булхай луйварын нэг хэсэг нь ЖДҮХС-гаар илэрч байна. Энэ сангаас УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд албан тушаалын давуу эрхээ ашиглан, хууль зөрчин зээл авсан нь тодорхой боллоо. Одоо бид нар яах вэ? Үндсэн хуулийн 2.1-д шударга ёс, ардчилсан ёс, тэгш ёсыг зарчим болгож ажиллана гэж төрийн үндсэн зарчмыг тусгасан. Мөн 5.1-д, төр нь өөрөө нийтийн сайн сайхны төлөө нийгэм, улс төр, эдийн засагт зохиуцуулалт хийж болно гэсэн байдаг. Зохицуулалт хийнэ гэдэг нь өөртөө давуу эрх бий болгоно гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр ААН-үүдийн төвлөрүүлэх татвар нэг их наядаар давсан байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө болох нийтийн санхүү хамгаалалтгүй байгаа нь тодорхой боллоо. Иймд хамгаалалттай болгох механизмаа танхим дээр төвлөрүүлж, хамтран ажиллах санал хүргүүллээ. Хэрвээ хамтран ажиллахгүй, хариуцлага хүлээхгүй гэвэл бид дараагийн алхмаа хийнэ.
-Тэр нь татвараа төлөхгүй байх явдал уу?
-Иргэн Үндсэн хуульд зааснаар дөрвөн үүргийг заавал биелүүлнэ. Үүний нэг нь хуулиар тогтоосон албан татвар төлөх үүрэгтэй. Мөн төр нь иргэнийхээ эрхийг зөрчсөн байвал иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нь төр өөрөө барагдуулна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл төр өнөөдөр өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Хэрвээ төр өөрөө ингэж Үндсэн хуулиа зөрчиж болдог юм бол, иргэн ч гэсэн энэ хулгайч нараас нийтийн санхүүг хамгаалахын тулд татвар төлөх журамт үүргээсээ татгалзах эрхтэй. Бид эрх баригчдыг шийдвэрийг харж хүлээж байна, илүү нарийн яривал ирэх улирлын сарын татварыг төлөхгүй, ААН, иргэд өөрсөддөө зарцуулъя гэж байгаа. Төлсөн татвар маань нэгэнт л хулгайч нарт очоод байгаа юм бол компаниуд дотроо, ядаж ажилчиддаа зарцуулъя л даа. 2018 оны төсөв нэгэнт биелсэн, дээр нь нэг их наядаар давсан учраас Засгийн газар бидэнд гомдлоод байх шаардлагагүй.
-Хэрвээ аж ахуйн нэгжүүд нэг сар татвараа төлөхгүй гэвэл улсын татварын орлого хэчнээн төгрөгөөр багасах вэ?
-Хэрвээ нэг сар татвараа төлөхгүй бол улсын орлого 600 тэрбум төгрөгөөр тасарна. УИХ ирэх жил татварын орлогыг 1.2 их наядаар өсгөнө гэж төсвөө баталсан. Энэ тохиолдолд татвараа төлөхгүй зөвхөн нэг сар болоход ирэх оны төсвийн орлого жилийн дүнгээрээ биелэхгүй, тасалдах эрсдэл үүснэ.
-Өнөөдрийн байдлаар танхимд хэчнээн аж ахуйн нэгж бүртгэлтэй байна вэ. Бүгд татвараа төлөхгүй гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?
-Танхим бол хуулиар байгуулсан ТББ. Бизнесийг хамгаалдаг гэдэг утгаараа бүх татвар төлөгчийг өмгөөлөх үүрэгтэй. Тиймээс манайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 157 мянган аж ахуйн нэгж хамаарна. Танхимд бүртгэлтэй 3600 компани бий. Үүнээс топ 100 компани нь ДНБ-ий 93 хувийг үйлдвэрлэж байгаа. Энд төрийн өмчит 16 компани багтаж байгаа. Гэхдээ энэ 16 компани ДНБ-ий 37 хувийг үйлдвэрлэдэг. Ер нь улсын татварын гол орлогыг 500 компани бүрдүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн маань татварын орлогын хоёр хувийг бүрдүүлдэг боловч идэвхтэй ажиллаж, 800 мянга гаруй хүнийг ажилтай, орлоготой байлгадаг том салбар. Ийм олон хүнийг ажилтай, орлоготой байлгаж, нийгэмдээ үйлчилж байгаа маш том хариуцлага.
-Гэтэл үүнээс ч илүү олон ажлын байр бий болгох зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлд хуваарилсан хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд дээгүүрээ хуваагаад авчихсан байгаад нийгмээрээ бухимдаж байна. Танхимын мэдэгдэл ч энэ бухимдлын нэг хэлбэр байх, тийм үү?
-Манай мэдэгдэл бол бухимдлаас гадна тэмцлийн нэг хэлбэр. Татвараа төлөхгүй гэдэг нь тэмцлийн эхний л алхам. Үндсэн хуулийн 2.1-д зааснаар төр тэгш байдлыг хангах үүрэгтэй. Төрийн гол зарчим нь энэ. Төр тэгш бололцоог бизнес эрхлэгчдэд хангаж өгөх үүрэгтэй. Тиймээс лицензээр, татвараар, татаасаар энэ үйл явц илэрдэг. Шударга бус байвал ийм байдал бий болдог. Ирэх жилийн баталсан төсвөөр 22 санд нийтдээ 3.7 их наяд төгрөг суулгаснаас 90 орчим хувийг нь эрүүл мэндийн сан, нийгмийн даатгалын сан аваад буцааж хэрэглэдэг. Гэтэл энэ сангуудаар дамжиж байгаа татвар төлөгчдийн мөнгө өөрөө хамгаалалтгүй, хяналтгүй байна гэсэн үг. Үндсэн хуульд зааснаар төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэний эрх хохирсон бол хохирлыг төр барагдуулах үүрэгтэй. Хэрвээ ЖДҮ-ийг дэмжих сангаас 100 аж ахуйн нэгж зээл авсны 90 нь төрийн албан тушаалтан байгаа бол дараагийн 90-д нөхөж олгох ёстой гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын аль, аль нь энхийн цагаан тагтаа болох гэж, өөрсдөө буруугүй мэт болж гарах гэж зүтгэж байна. Бие биедээ ял өгөх гэж зүтгэж байна. Энийг шийддэг газар нь Цэц. Даанч Үндсэн хуулийн Цэц өнөөдөр унтаа байгууллага болсон. Тийм л шударга ёс тогтоох гээд байгаа бол УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ өг. УИХ-ын гишүүд холбогдсон энэ асуудал нь Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү, огцруулах үндэслэлтэй юу гэдгээр УИХ-ын дарга өөрөө шууд Цэцэд хандаж болно. Ерөнхий сайдад ч ийм эрх бий. Иргэд ч ингэж хандаж болно. Хамгийн гол ялгаа нь, УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг Цэц ажлын таван хоногт багтаан хянаж, дүгнэлтээ гаргах хуультай. Энгийн иргэнийх бол хэдэн сар сунжирна, аягүй бол шийдэгдэхгүй мартагдана. Бас Ерөнхийлөгчөөс прокурорт хүсэлт гаргах, Цэцэд хандах эрх бас бий.
Эх сурвалж: IToim.mn
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ