Оюу Толгойн гүний уурхайн олборлолт Монголын эдийн засгийн цусны эргэлт болно

Moderator
2023/03/14

 “Оюу-толгой” ХХК-ийн гүний уурхайн олборлолт бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн нь Монголын эдийн засагт хүч түрнэ хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байна. “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу Толгой” компани, 66 хувийг Канад Улсын “Туркойз Хилл Ресурс” компани хамтран эзэмшдэг. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан, Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн компани юм. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг. Харин Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардалтай холбоотой Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто компани хоорондын маргаанаас үүдэн гүний уурхайн олборлолт багагүй хугацаанд хойшилсныг бид мэднэ. Гэхдээ маргаан эцэслэгдэж, гүний олборлолт эхэлснээр монголын эдийн засагт ШИНЭ ТҮҮХИЙГ эхлүүлж байна гэж онцолж байгаа юм. 


Мөн Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр: • Монгол Улс дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зэсийн зах зээлд томоохон тоглогч болж чадна • Оюу толгойн орд Монголын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа 3 дахин нэмэгдэнэ. • Жилд 5 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоолжээ. Мөн энэ нь Монголын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу толгой дангаараа бүрдүүлж чадна гэсэн үг юм. Түүнчлэн Оюу Толгойн гүний уурхайн олборлолт дэлхийн зах зээлд зэсийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасаж байгаа чухал цаг үетэй давхцаж байна. Тухайлбал Лондонгийн металлын бирж /LME/ дээр зэсийн үнэ 2022 оны 6 сараас хойш анх удаа тонн тутамдаа 8800 ам.доллар давжээ. Мөн “Goldman Sachs” энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ тонн нь 11 мянга 500 ам.доллар давна гэж тооцоолов. Энэ нь зэсийн хамгийн том хэрэглэгч орон БНХАУ хилээ нээсэнтэй холбоотой юм. Сонирхуулж хэлэхэд Оюу Толгойн гүний уурхайн орд нь 1300 метр буюу “Шангри-Ла”-г 15 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд оршдог. Мөн сануулахад Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь түүхэн сайн мэдээ ч үүний СҮҮДЭР талыг харахгүй орхиж болохгүй. Дээрх баримтуудаас харахад Оюу Толгой манай улсын эдийн засгийн цусны эргэлт болох нь ойлгомжтой харагдана. Гэвч энэ хэрээр Рио Тинтогийн Монголд үзүүлэх нөлөөлөл улстөрийн хүрээнд ч тэр, эдийн засгийн хүрээнд ч тэр асар их болохыг анзаарах ёстой юм. Үүнийг учир мэдэх хүмүүс ч онцолсон нь бий.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна