Сэлбэ сэргэж, сэлүүхэн болно

Moderator
2023/03/06

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Сэлбэ сэргэлт” төслийг боловсруулан Ерөнхий сайдад танилцуулсан нь цагаа олсон ажлын эхлэл болжээ. Уг төслийн төлөвлөлтөөр бол өнөөдөр олон сайд, дарга нарын толгойн өвчин болоод байгаа авто замын түгжрэлийг 30 хүртэл хувиар буурна. Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж, гэр хорооллын барилгажилтыг дэмжих, хотын эко системийг тэнцвэржүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон ач холбогдолтой. Энэхүү төслийг Ерөнхий архитектор Н.Нацагдорж Ерөнхий сайд болон холбогдох сайдуудад танилцуулснаар 100 хувь дэмжигдээд байгаа юм. Харин одоо төслийг хэрэгжүүлэхэд хэрхэн, хэзээ эхлүүлж болох вэ гэдэг асуудал бий. Сэлбэ сэргэлтийг хэрэгжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийн ажил бараг явагдахгүй. Учир нь “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд голын дагуух Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21.6 км буюу 2 талдаа нийт 43.2 км далан, авто замын сүлжээ байгуулахаар төлөвлөгдсөн. Харин Сэлбэ голд үерийн хамгаалалтын 9 км л далан бий. Бусад хэсэг нь ил задгай урсаж, өвөл, хавартаа халиа тошин болж, зундаа үер буух эрсдэл дагуулдаг. Тэгэхээр гол дагуу зам тавихад газар нь чөлөөтэй гэсэн үг. Нөгөө талаар гол дагаж үүсдэг халиа, тошин хийгээд үерийн гамшиг тохиохгүй. Түүнчлэн Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа ч богино. Ердөө бүтээн байгуулалтын саруудыг ашиглаад дотоодын аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий архитектор Н.Нацагдорж ярьж байсан. Тэр ч утгаараа зургаадугаар сарын 1-нээс гэдэг эхний яриа хэлэлцээ байгаа аж. Мэдээж нэг компанид бүхэлд нь өгөөд хэдэн сар хүлээж суух бус, олон аж ахуйн нэгжид хуваагаад өгчихвөл ёстой л олны хүч оломгүй далай гэдэг болно гэсэн үг. Ингэж чадвал төр, засгийн зүгээс ч нийгмийн бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуйн нэгжүүдээ дэмжиж болохгүй нь юу байх вэ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр Сэлбийг сэргээж, сэлүүхэн урсгалтай авто болон дугуйн, явган зорчигчийн замтай, хэн хэнийх нь аюулгүй байдлыг хангасан, нийгэм, эдийн засагт хэмнэлттэй, ээлтэй төслийнхөө ард гарч болно шүү дээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.111.98
    2023/03/06

    зөв дөө нээрээ. хажуугаар нь мод суулгаад, хаанаас усны эх үүсвэр олж болохуу судлаад суваг шуудуу татаад Бусад улс орон шиг хот дотроо голтой болвол сайхан л байна.

    Хариулах