Засгийн газрыг мэхэлсэн Ч.Хүрэлбаатар сайдад хариуцлага тооцооч

Moderator
2023/02/16

Хөгжлийн банкийг хувийн банк шигээ “ашигласан” Ч.Хүрэлбаатар сайдад хэн хариуцлага тооцох вэ. Сангийн сайдаар ажиллаж байхдаа тус банканд шалгалт хийлгэсэн ч асуудлуудыг нь нуун дарагдуулж, Засгийн газарт мэдээлээгүй гэдэг нь илболчхоод байна шүү дээ.
Хэрвээ Ч.Хүрэлбаатар сайд тухайн үед яаралтай хариу арга хэмжээ авсан бол өнөөдрийн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэрэгт 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээд “ороолцдохгүй” л байх байсан. Байг гэхэд Хөгжлийн банкны найдваргүй зээлийн хэмжээ бага байх байж дээ.
Энэ тухайд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах сонсголын үеэр хэлсэн, бас өөрийн цахим хуудаснаа дурдсан. Тодруулбал, “УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаар ажиллаж, Хөгжлийн банкийг харьяалж байх үедээ 2020 онд Сангийн яам, Монголбанкнаас хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулж, Засгийн газар, Ерөнхий сайд, холбогдох хууль хяналтын байгууллагад илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуулаагүй эс үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Тэр АСЕМ-ийн автобусны нэгж үнэлгээг 44 сая төгрөгөөр бууруулж нийт дүнгээр 1.9 тэрбумаар үнэлгээг бууруулж санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн гэх баримт дэлгэгдсэн. Түүний томилсон Хөгжлийн банкны удирдлагууд өөрсдөдөө болон бусдад 290 сая төгрөгийн тэтгэмж олгосонд нь Аудитын байгууллага акт тавьсан ч хэрэгжүүлэхгүй байгаа. Түүнчлэн энэ асуудлаас булзаж УИХ-ын Түр хорооны сонсголд худлаа мэдээлэл өгсөн нь Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагын хэвлэл мэдээлэлд өгсөн байр суурь, Түр хороонд буй нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрчийн этгээд Түр хорооны сонсголд худал мэдээлэх нь хуулийн хариуцлагатай” гэсэн юм.
Мэдээж Ч.Хүрэлбаатар сайд өөрийгөө өмгөөлсөөр байгаа. Гэвч Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг хамтран байгуулсан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тухайн ажлын хэсгийг ахалж байсан н.Сонор нар шалгалт хийсэн, дүгнэлтээ Ч.Хүрэлбаатарт танилцуулсан хэмээн гэрчлэн баталдаг.
Харамсалтай нь Ч.Хүрэлбаатарын хувьд үйл ажиллагаа нь доголдчихсон, асуудал нь хүндэрчихсэн Хөгжлийн банкны шалгалтын дүнг бус зөвхөн банкны танилцуулгыг Засгийн газарт танилцуулсан байдаг.
Тэр байтугай Хөгжлийн банкад томилсон хүмүүс нь багахан хугацаанд ажилласан нэр зүүгээд 290 сая төгрөгийн урамшуулал аваад даший шоо болсон нь баримтуудаар нотлогдсон.

Ийм байтал л мань сайд чанга дуугарч өөрийгөө өмөөрөөд суугаа. Угтаа бол Хөгжлийн банкны асуудлыг нэгэнт углуургаар нь ухаж, цэвэрлэхдээ урдах шалгалтын дүнг нуусан Ч.Хүрэлбаатарт ч хариуцлага тооцох ёстой шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна