​ Тавгийн идээ засахад хамгийн багадаа 200-250 мянган төгрөг болж байна

Moderator
2023/02/13


“Амар байна уу-2023” сар шинийн үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 20-ныг хүртэл “Шинэ 100 айл” төвд болж байна. Манай сурвалжлах баг тус үзэсгэлэн худалдаагаар зочиллоо.
“Шинэ 100 айл” төвийн 2 давхрын А,Б зааланд үзэсгэлэн худалдаа болж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийн хүнс, бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Тэгвэл эл үзэсгэлэн худалдаанаас

“Тавгийн идээ” хэдэн төгрөгт багтахыг тооцож үзье.
Хэвийн боов - 4200-5000 төгрөг
Ааруул- 1 кг нь 30.000 төгрөг
Цагаан тос- 1 кг нь 15.000 төгрөгийн үнэтэй байв. Эдгээр нь тавгийн идээний гол орц нь.

Тэгвэл 5-аар 7 үе идээ засна гэж тооцоход 220.000 төгрөг болж байна.
Тус үзэсгэлэн худалдаа бусад үзэсгэлэн худалдаанаас ялгарах зүйл нь үндэсний үйлдвэрлэгч 1000 аж ахуйн нэгжээс талбайн түрээс авахгүй байгаа. Ингэснээр иргэдийн гар дээр үнийн нэмэгдэлгүй бүтээгдэхүүн очих нөхцөл бүрдэх юм. Угтаа бол хямд үнэ баримталж буй үзэсгэлэн худалдаа боловч иргэдэд ээл муутай байгаа гэдгийг иргэд хэлж байв.
Иргэн 1: Бөмбөгөр, Нарантуулыг бодоход үнэтэй л юм байна. Хоёр тор юм авахад л 150.000 төгрөг болж байна.


Иргэн 2: Харин жаахан үнэтэй л юм байна. Хямдхан гэж сонсоод л ирсэн юм.

Иргэн 3: Эмээ нь тавгийн идээгээ ааруулаар засдаг. Тэгсэн чинь 1 ширхэг ааруул 15.000 төгрөг гэнэ. Бараг 500.000 төгрөгөөр тавгийн идээгээ засах болчхоод байна. Эмээ нь 500.000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүн одоо юу бодож ийм мөнгөөр ааруул авах вэ дээ.

Энэ мэтчилэн “үнэтэй байна” гэх иргэдийн сэтгэгдэл хөвөрсөөр байв. Тэгвэл худалдаа эрхлэгчдийн зүгээс иргэдийн худалдан авалт ямар байгааг хэрхэн үнэлж дүгнэж буй сэтгэгдлийг хүргэе.

 
Худалдаа эрхлэгч 1: Иргэдийн худалдан авалт ер нь тааруу байна шүү. Шууд авахгүй амсаж үзээд л, үнэ асууж эргэж тойрч байж л авч байна. Нэлээн эргэлзэж байх шиг байна.

Худалдаа эрхлэгч 2: Сүүлийн 2-3 жил иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Аргагүй дээ. Угаасаа үнийн өсөлт ямар байгаа билээ дээ.

Худалдаа эрхлэгч 3: Хүнсний ногоо болохоор гайгүй л зарагдаж байна. Гэхдээ багаар авч байна. Авах хэмжээ нь буурсан гэсэн үг л дээ.


Худалдаа эрхлэгчид иргэдэд зориулж бүтээгдэхүүнийхээ амталгааг гаргасан байх бөгөөд иргэд ирж амсаад, үнийг асуучхаад л цааш явна.

Хүнсний бүтээгдэхүүний тасаг ерөнхийдөө түм түжигнэж, бум бужигнасан зүйл байсангүй. Мөн эд хэрэглэл, хувцас барааны тасгаар ороход цаанаа эл хуль, худалдаа эрхлэгчид хоорондоо хол ойрын сонин сайхан ярилцаж сууна. Үзэж, хараад, үнэ асуугаад л сонирхоод өнгөрөх иргэн ч олон таарав.
Иргэдийн амжиргаа үнийн өсөлтөд гүйцэгдэж, хаана хаанаа хэцүү байгаа хэдий ч гурил, цагаан идээгээ эх орондоо үйлдвэрлэдэг Монголчууд өнөөдөр 200 гаруй мянган төгрөгөөр зөвхөн тавгийн идээгээ засаж буй нь харамсалтай. 500.000 төгрөгийн тэтгэвэртэй Долоон буудлын Должин эмээ л лав үзэсгэлэн худалдаагаар зочлох нь дэмий л санаа бололтой.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.147
    2023/02/13

    Uhaan baitugai.tolgoi ch ugui Bolorchuluuniig songosondoo haramsaj bga bizde.Guriliin une iim bh esgui gj tarialanchid ih eserguutsseen.

    Хариулах
  • 202.21.107.37
    2023/02/13

    Avbal av avahgui bol buu gomdollo! albatai yum shig ulnuud

    Хариулах
  • 82.81.5.217
    2023/02/13

    mongol Khumuus teneg yum daa..... jil bur gomdollod l avaad baidag, ach tus n yu be

    Хариулах