Засаг үнэ тогтоож байсны балгийг ард түмэн үүрч байна

Moderator
2 цаг 31 минутын өмнө

Дизель түлш болон АИ-92 бензин тасалдахгүй, Анграскийн үйлдвэрт гарсан гал хамаагүй гэж УУХҮ-ийн сайд том дуугарсан ч байдал өөр байгаа. Түүнийг ингэж хэлсний оройноос АИ-92 бензинд дугаарлаж, 2 хоногийн дараагаас АИ-95 бензинээс өөр сонголтгүй болж, өчигдөр дизель түлш ховордлоо гэж байсан бол өнөө өглөө автобус компаниудын түлшний нөөц тасалдсан тул цөөхөн автобус үүргээ гүйцэтгэж, ард иргэд автобусны буудал дээр осгох дөхөж байна. Туурга тусгаар Монгол Улс 101 дэх жилийнхээ ойг тэмдэглэсэн хэрнээ бусдаас хараат амьдарч байгаа нь энэ салбарын үе үеийн сайд нар, эрх баригчдын буруу. Яагаад гэвэл тэд сонгуулиас сонгуулийн хооронд ард түмнээс ОНОО авах маягаар ажиллаж, бензин шатахууны үнийг хүчээр барьж ирсний горыг ийнхүү ард түмэн өнөөдөр үүрч байна. Тэгээд ч дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бууна гэдэг ч Монголд долларын ханш өссөн тул дизель түлш, бензиний үнэ бууна гэдэг нь үнэндээ “Мянгуужингийн үлгэр”. Бодит байдал ийм байхад ч “Тусгай зөвшөөрлийг чинь хураана” гэх сүрдүүлгээр импортдогчдоор үнийг бариуллаа ч өнөдөр, эсвэл маргааш зах зээлтэйгээ хөл нийлүүлэн алхах нь туйлын үнэн.


Хэн ч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушгийг чухалчилдаг. Тэгвэл нь зах зээлийн зарчмаар нь дизель түлш, авто бензиний үнийг чөлөөлж импортлох эрхийг дурын байгууллагад өгч, импортын тусгай зөвшөөрлийг үгүй болгочих хэрэгтэй. Ингэж гэмээнэ шатахууны хомсдол арилж, нийлүүлэлт ч хэвийн болж аргацаасан, амь тариа маягаар олон жил явж ирсэн ужиг асуудлаас монголчууд ангижирна.
Товчхондоо бол сүрдүүлгээр буюу албан шаардлагаар үнийг тогтвортой барих нь Монголын эдийн засагт маш их хортойн дээр Хөгжлийн банкны зээлдэгчдийн ихэнх нь ам.долларын зөрүүн дээр өвдөг сөхөрсөн гашуун түүхийг мартах учиргүй. Тиймээс дизель түлш болон автобензиний үнийг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлэх нь хамгийн шилдэг бөгөөд шударга шийдэл.
Болох ёстой юмыг хүчээр боомилж гажуудуулж гэмээн маш том эрсдэл дагуулах бөгөөд горыг нь ард түмэн эхнээсээ амсаж, автобусны буудал дээр осгох дөхөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна