Орон сууцны үнийг зохиомлоор бүү хөөрөгд

Moderator
2022/11/14

Орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулах нь зээл авах гээд хүлээж буй иргэдийн боломжийг хааж, банкны санхүүжилтийг нь гацаачхаж буй юм.
Цар тахлын 2 жилд ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг хойшлуулах арга хэмжээ авахдаа “Ковидын хууль”-иар зохицуулсан. Гэтэл өнөөдөр энэ хуулиар дахин зохицуулалт хийж буй нь хууль зөрчсөн үйлдэл хийгээд барилгын үнэ өсөхөд нөлөөлж байна гэж харагдаж буй юм.
Энэ нь барилгын салбарт сөрөг үр дагавартай бөгөөд товчхондоо бол “Монголын төр барилгын үнээ хөөрөгдөж байна” гэсэн үг. Учир нь ковидын үед “Эдийн засгийг сэргээх 10 их наяд”-ыг баталж түүнээс 3 их наядыг нь орон сууцанд зориулахаар тусгасан. Эрэлттэй үед гэнэт нийлүүлэлтийг нь ийнхүү нэмчихээр үнэ нь хүссэн хүсээгүй нэмэгдчихэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр орон сууцны үнэ ийнхүү өссөн учир 8 хувийн хүүг 6 хувь болгосон ч нэг их өөрчлөлт үгүй бөгөөд 100-120 саяар үнэлэгдэж байсан 3 өрөө байрны мөнгөөр 2 өрөө байр арай ядан авч байх жишээтэй. Бас урьдчилгааг 15-20 хувь руу оруулж бууруулсан гэж буй ч үнэндээ бол байрны үнэ өссөн учраас урьдчилгааны мөнгө нь дагаад өсчихсөн.
Мөн барилгын М2-тын үнэ өсч буй бас нэгэн шалтгаан нь барилгын салбарынхан өөрсдөө зээлтэй байгаа нь. Орон сууцны зээл бол манай улсад маш том орон зайг эзэлдэг. Албан бус мэдээллээр энэ салбарт 70 мянган ажлын байр бий гэж байгаа.
Дэлхийн ихэнх улс орнууд орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлдэг. Гэхдээ Монгол шиг төр нь хутгалдаж энэ “ТОГЛООМ”-д орж гараад байдаггүй. Хамгийн энгийн жишээ гэхэд манай өмнөд хөршид барилгын салбар нь тус улсын эдийн засгийн гол салбар нь байдаг. Хөгжил, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсын нэг Хятад улс барилгын энэ салбараа чухал хэмээн авч үзэж байхад хөгжиж буй манай улс энэ салбартаа анхаарахгүй, орхиж нэг, гацааж нэг, булаалдаж нэг байгаа нь ёстой Итгэлт баяны хэлдгээр ”...Ичмээр...” юм болоод байна.

Тиймээс тооцоо судалгаагүй, янз бүрийн байдлаар энэ салбарт туршилт хийж, зохиомлоор үнийг нь бүү хөөрөгд. Үнэ хөөрөгдөж буйгаа "Манайх үйлдвэрлэгч орон бус, барилгын материалаа импортоор авдаг..." гэх улиг болсон үгээр халхавчилж, утааг бууруулахад хувь нэмрээ оруулах гэж буй дундаж давхарынхнаа эрэлт дээр бүү дөрөөл.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна