​ Хүүхдийн мөнгө халамж эсвэл хөрөнгө оруулалт байх эсэх нь чухал бус

Moderator
2022/10/14

Төсвийн төсөл хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцэн “Хүүхдийн мөнгө”-ний асуудал олныг талцуулах болов. Цар тахлын үед “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлсэн. Харин ирэх оны төсөвт энэ хэвээр нь үргэлжлүүлэх ч өндөр орлоготой гэр бүлийн хүүхдийг хасах шийдвэр гаргасан.
Засгийн газраас Хүүхдийн мөнгө олгоход санхүүжилт болгон 1.5 их наяд төгрөг зарцуулдаг нь төсөвт хүндрэл учруулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байсан удаатай. Иймд маргалдахаасаа өмнө замыг нь туулаад ирчихсэн улс орнуудын туршлагыг харах хэрэгтэй.


Тухайлбал Европын олон оронд энэ төрлийн халамжийн хэлбэр байдаг. Мөн Герман, Бельги, Ирланд, Швейцар зэрэг орнууд хүүхдийн мөнгө тараах нь үр дүнд хүрдэг эсэх талаар улс төрчдийн маргаан хэлэлцүүлэг өрнүүлэн, судалгаа хүртэл хийсэн байдаг.
Судалгаагаар ажилтай орлоготой, оюунлаг давхаргад харьяалагдах иргэнд хүүхдийн мөнгө хэд байх, ер нь байх байхгүй нь чухал биш байдаг гэх дүгнэлт гарчээ. Энэ нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгшитгэн хувааж өгөх нь ямар ч үр дүнгүй тогтолцоо болох нь харагдаж байна. Улс орнууд ч үүнээс татгалздаг.
Харин “Хүүхдийн мөнгө”-ийг өрхийн орлогоос хамааруулж олгодог тогтолцоог дэлхий нийт баримтлах болов. Өндөр орлоготой айлын хүүхдийг халамжаас хасах нь ялгаварлан гадуурхалт огт биш бөгөөд харин ч нийгмийн харьцангуй тэгш байдлыг бий болгох давуу талтай.
Хүүхдийн мөнгөний гол зорилго нь үнэхээр хүүхэд юм бол хүүхдэд зориулсан эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн орчныг нь бий болгох, сайжруулахад зарцуулсан нь дээр гэх хандлага ч бий.
Товчхондоо бол Хүүхдийн мөнгө халамж эсвэл хөрөнгө оруулалт байх эсэх нь чухал бус гагцхүү очих ёстой, хэрэгтэй байгаа, нэн шаардлагатай хүүхдэд л очих нь чухал юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна