Төр, засгийн тэргүүнүүдийн ам, ажил зөрж аж ахуйн нэгжүүдийг дарамталж, өөдөөс сөрсөн хүмүүсийг сар саатуулан баривчилж, санаанд нь хүрэхгүй бол шоронд илгээдэг болсон.
Дөнгөж өнгөрөгч долоо хоногт л гэхэд “Дархан арьс ширний цогцолбор” компанийн захирал Д.Энхбаярыг барьж, хорьсон. Мань хүн төр, хувийн хэвшлээ дэмжихгүй байна хэмээн чангахан дуугарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчихсэн нь энэ. Тиймээс л өнөөдөр томчуудын дургүйг хүргэсний горыг амсаж, “аавын хаалга” татчихаад байна.
Уг нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийг нь булаахгүй, аж үйлдвэрүүдийг нь дээрэмдэхгүй гэж амласан.
Бүр саяхан хүртэл Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ тухай “Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрдэг. Энэ бол 21 дүгээр зууны Монгол улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой” гэж хэлсэн.
“Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан гээд хувийн хэвшлээ дэмжиж, хамтарч ажиллана гэж байв. Харамсалтай нь энэ нь үлгэр, олон нийтээс оноо авах арга, алга ташуулах хэлбэрдэлт байсан нь үйлдлээрээ нотлогдоод байх боллоо.
Уг нь дэмжсэн шиг дэмжих боломж их бий.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа орон нутагт ажиллаж, олон томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үед Засгийн газрын гишүүн, салбарын сайдуудаа ч дагуулдаг байсан. Харин тэд тийн “танилцах аялал” хийх үедээ хувийн хэвшлийг дэмжих бус хэрхэн дээрэмдэх вэ гэдэг төлөвлөгөөгөө боловсруулдаг байж.
Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2020 оны есдүгээр сарын 17-нд “Дархан арьс ширний цогцолбор” компанийн бүтээн байгуулалтын ажил, үйл явцтай танилцсан. Ингэхэд нь өөрийнх нь чирч, өнөөг хүргэсэн З.Мэндсайхан нь ХХААХҮ-ийн сайд байж, хамт явж байсан.
Гэтэл ердөө хоёрхон сарын дараа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулсан байдаг. Хувийн хэвшлийнхэн 2018 оноос эхлүүлсэн ажлаа дуусгах гэж хичээж, чармайж байгааг харсаар байж төр яг ижил төрлийн үйлдвэр барихаар шууд компани байгуулчхаж байгаа юм.
Энэ нь өнөөдрийн “төрийн дээрэм”-ийн эхлэл болчхож. Учир нь, 30 жил ярьж, төлөвлөгдсөн хувийн хэвшлийн арьс шир, ноос ноолуур боловсруулах, бүтээгдэхүүний хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн ажлыг төр бодлогоор дэмжин ажиллах ёстой байтал эсрэгээрээ үйл ажиллагааг нь гацаан, зогсоож, захирлыг нь барьж, хорьж байгаа нь өөрөө дээрмийнх нь хэлбэр.
Яг энэ жишгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Мак цемент”, “Хөтөл цемент” “Дархан арьс ширний цогцолбор” гээд очсон бүх үйлдвэр нь өнөөдөр төрийн гэх тодотголтой “махны машинд хэрчүүлж”, захирал, хариуцсан эзэд нь шоронгийн хаалга татдаг болчихлоо. Энэ хэвээр хувийн хэвшлээ дарамталж, төр төмөр нүүрээ харуулсаар байвал Монгол Улс хэзээ үйлдвэрлэгч орон болж, аж үйлдвэрүүдээ хөгжүүлж чадахгүй дампуурч дуусах нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна