Мөнгөндөө хүртэл мөнгө төлсөөр байх уу

Moderator
2022/08/02

Эрт дээр үеэсээ мөнгөний хэрэглээ хүн төрөлхтний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Бараа бүтээгдэхүүнийг эд зүйлээр сольж, худалдаж авдаг иргэншлийн болхи системтэй тэр үетэй харьцуулахад мөнгө худалдах, худалдан авах харилцааг хамгийн хялбар болгож өгсөн түүхэн ач холбогдолтой хэрэгсэл юм.

Харин манай улсын ард иргэдийн хувьд мөнгөтэй харилцах, хадгалах, гүйлгээ хийх соёл төлөвшин тогтоогүй гэж хэлэхэд болно. Мөнгийг бохир гараар барих, зурж баллах, урах, нугалах, байгаль дэлхий, уул овоонд өргөх зэргээр мөнгөн дэвсгэртийг зөв зохисгүй хэрэглэх явдал түгээмэл бий. Манай улсад устгалд орж буй нийт мөнгөний 75% бохирдсон, 15% нугалагдсан, 10% урагдсан гэх шалтгаантай байдаг. Энэ нь иргэдийн буруу хэрэглээнээс 100 хувь хамаардаг гэсэн үг юм.

Европийн өндөр хөгжилтэй орнуудад мөнгөний насжилт 8-12 жил байдаг бол манайд бага дэвсгэртийн насжилт 3,8 жил, их дэвсгэрт нь түүнээс арай өндөр байх жишээтэй. Мөн айлууд бурхан тахил дээрээ боодол боодлоор нь мөнгийг залчихдаг. Энэ нь мөнгийг эргэлтэнд оруулахгүйгээр түгжиж, мөнгө үүргээ биелүүлэлгүй устах үндэс болдог. Иймээс эргээд дутсан мөнгийг нөхөж, шинэ мөнгө гарган мөнгөний эргэлтэнд оруулах гэж Монголбанкнаас асар  их зардал гардаг. Монголбанк нь мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, устгах эрхтэй цорын ганц институт юм. Энэ мэтчилэн асуудлаас харахад мөнгөний буруу хэрэглээг хазаарлаж, хязгаарлах нь чухал болоод байна.

Мөнгөндөө хүртэл мөнгө зарцуулж хохирохгүйн тулд ард иргэдийн мөнгөтэй харилцах соёлыг дээшлүүлэх нэн шаардлагатай юм. Түүнчлэн мөнгө бол бурханд өргөдөг, овоонд тахидаг шүтээн бус худалдах, худалдан авах хэрэгсэл тул үүрэг зориулалтаар нь ашиглах чухал байна.

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.