Дампуурлын ирмэг дээр ирчихсэн, төсвийн мөнгөөр угжуулдаг, Төрийн өмчит компаниудыг хувьчлая

Moderator
2022/06/27

Цар тахлын нөхцөл байдлын дараах эдийн засгийн хүндрэлийг туулахын тулд ТӨР хэмнэлтийн горимд шилжсэн. Том дарга нар, том машинуудаас салах "аян" зарлаж, эхнээсээ ажил хэрэг болж байна. Сайн жишиг. Тэгвэл түмний татварын мөнгөөр угжуулдаг танах шаардлагатай бас нэг зүйл байгаа нь төрийн өмчит компаниуд юм. Байнгын ашиггүй, өр зээлтэй, өөрийн чадамжгүй болчихсон төрийн өмчит компаниудын асуудалд анхаарал хандуулах цаг үе нь өнөөдөр. Монгол Улсад 108 төрийн өмчит компани байна. Багагүй тоо. Тэдний өр 16 их наяд. Эдгээрээс 17 нь л ашигтай ажилладаг. Дээр нь нэмээд орон нутгийн өмчит 232, нийт 339 аж ахуй нэгж байна. Эдгээрийн бараг 90 гаруй хувь нь олон жил ашиггүй байсан, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй, хөрөнгийн удирдлагын менежмент сул төрийн өмчит аж ахуйн нэгжүүд. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /Төрийн өмчийн хороо/ байгуулагдаад 26 жилийн нүүрийг үзэж байна. Сонгууль бүрийн дараа тус газрын дарга солигдож, араас төрийн өмчит компаниудын удирдлагуудын томилгоо үргэлжилдэг. Энэ үйл ажиллагаа эрх баригч намын бүлэг фракцийн бизнесүүдийг угжих үйл ажиллагаагаар үргэлжилнэ.  Дараагийн сонгууль болоход  тоо томшгүй алдагдал хүлээсэн, төсвийн хөрөнгийг зах замбараагүй зарцуулсан нөхцөл байдал бий болно. Яг энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхой бус. 

Дэлхийн улс орнууд бүгд л төрийн өмчит компаниудтай. Гэхдээ стратегийн ач холбогдолтой гэж үзсэн харилцаа холбоо, төмөр зам, эрүүл мэндийн хэрэгсэл, их сургууль, өргөн нэвтрүүлэг, эрчим хүч, ус зэрэг өмч хөрөнгийг төрийн мэдэлд байлгадаг.  Гэтэл Монгол Улсын төр бүгдийг төрд гэсэн зарчмаар ажиллах нь өрөөсгөл гэдгийг хаа хаанаа ухамсарлах цаг болсон. Жишээ нь үеийн үед алдагдалдтай ажилладаг МИАТ. 2020 онд 58 тэрбумын алдагдалтай, 2021 онд 52 тэрбум төгрөгийн алдагдалтай. Одоогийн байдлаар МИАТ компанийн санхүүгийн үзүүлэлт тун тааруу үзүүлэлттэй гарсан. Үйл ажиллагаа нь зогсох хэмжээнд алдагдал хүлээгээд буй. Иймээс төрөөс  4,7  тэрбум төгрөгийн татаас өгч байх жишээний. Яг ийм байдлаар хэзээ хүртэл угжих вэ? Энэ байдлаар төр төрийн өмчит компаниуддаа  хяналтаа тавьж чадахгүй алдагдалд оруулсаар байвал асуудал улам л хүндэрнэ. Иймээс төрийн хэмнэлтийн хуулийг дампуурлын ирмэг дээр ирчихсэн төрийн өмчит компаниуд дээр хэрэгжүүлмээр байна. Төрийн өмчит компаниуд хувьд шилжснээр улс төрөөс ангижирна. Улс төргүй, шахаагүй, авилгагүй  бизнес хүрээгээ тэлж, ажлын байр нэмэгдэх гээд сайн талууд олон. Өрөнд баригдаж, татварын төлөгчдийн мөнгөнөөс татаас авсаар байгаа төрийн өмчид компаниудаа хувьд шилжүүлье, эрх баригчдаа. Угаас та бүхний боловсруулсан "Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын нэг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх асуудал багтсан байгааг сануулах нь илүүц биз.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/06/27

    Мобиком Юнител МХС корпарац грүпп төрийн өмчит компани нэртэй яг л Банк бус шиг мөнгө хүүлэгчид жирийн иргэдийн халаасыг 25 жил шувтарллаа хөөрий мулгуу тэнэг ард иргэд нь шулуулж мөлжүүлж байх тавилантайгаас хойн яаалтай ч билээ

    Хариулах