​“JTB“ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТАКАЮКИ ФҮЖИВАРАТАЙ УУЛЗЛАА

Moderator
2022/05/17

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус улсын аялал жуулчлалын компаниудын удирдлагын төлөөлөлтэй хийх уулзалтаар үргэлжилж байна. 
Энэ удаагийн Япон улсад хийх айлчлалын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус улсын байгаль орчин, аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр зэрэг салбар чиглэлийн төр, хувийн хэвшлийн компанийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж буй аж. Үүний нэг нь Япон улсын аялал жуулчлалын томоохон компанийн төлөөлөл JTB компани юм. Уг компани нь аялал жуулчлалын салбарт 110 жилийн түүхтэй компани юм.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн болон хоёр орны хооронд найрамдалт, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндчилгээг хамтатган уламжилж, Япон улсад хийж буй албан айлчлалын зорилго, Монгол Улсын Засгийн газраас ковид цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийн талаар товчхон танилцуулсанаар талуудын уулзалт эхэлсэн юм.

Японы зах зээлээс жуулчдын урсгалыг Монгол Улс руу татах, Япон жуулчдын Монгол улсад аялах сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засагт үзүүлэх нөлөөг бий болгох ДНБ-нд тус салбарын эзлэх хувь хэмжээг өсгөх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд, урт хугацаанд хамтран ажиллах саналтай байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  уулзалтын эхэнд илэрхийллээ.

JTB компанийн гүйцэтгэх захирал Такаюки Фүживара хэлэхдээ, “Ковид-19 цар улмаас Япон улс гадаадаас хүлээн авах жуулчдын урсгалд тодорхой хязгаарлалтыг хийгээд байна. Энэ нь аялал жуулчлалын салбарт амаргүй байгаа хэдий ч энэхүү хилийн хориг, хязгаарлалтыг сааруулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр тус улсын аялал жуулчлалын салбарынхан хичээл зүтгэл гарган ажиллаж байна” гэж ярьсан юм. Үргэлжлүүлэн талууд хоёр орны аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, гадаад жуулчдад зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хамтын ажиллагааны боломж, хийгээд Ковид-19 цар тахлын дараах аялал жуулчлалын салбарт дунд, урт хугацаанд хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. 

Түүнээс гадна Японоос Монгол Улс руу жуулчин татах аялал жуулчлалын шинэ маршрут, хөтөлбөрийн талаар талууд санал солилцож, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр санал нэгдсэн юм. Уулзалтад Монгол Улсын аялал жуулчлалын элч Д.Хамада, Токио дахь ЭСЯ-ны зөвлөх У.Өлзийням, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын албаны төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна