213 тэрбум төгрөгтэй гараанаас гарсан ИРЭЭДҮЙ ӨВ САНГИЙН хөрөнгө хаачив

Moderator
2022/04/25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэнэ” хэмээн мэдэгдэж, 2019 оны долдугаар сарын 24 өдрийн Засгийн газрын хуралдаанаар  “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлуулж байв. 

Тухайн үед өгч байсан мэдээлэл

-Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм. 
Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна.  Ирээдүйн өв сангийн корпораци 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй бөгөөд үүнээс хойш цэвэр орлогын 10 хувийн төсвийн зориулалттай зарцуулж болохоор зохицуулж байгаа аж. Энэхүү сангийн үйл ажиллагаа бие даасан менежментийн зарчмаар явах юм. 

Ирээдүй өв сангийн хөрөнгө хаачив

-Өнгөрсөн амралтын өдөр хотын дарга Д.Сумъяабазар гэнэт л "Ирээдүй өв сангийн мөнгө хаачив" хэмээн эрэл сурал болж эхлэв. 


Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сангийн сайд С.Жавхлан " Ирээдүйн өв сан төрийн сан дотор эх үүсвэр нь зохицуулагдаад явдаг хуулийн зохицуулалттай болсон. Өчигдрийн байдлаар төрийн сан дахь төсөвт байгууллагуудын төсөв болон Ирээдүйн өв сан ороод 5.2 их наяд төгрөгийн харилцах дансны үлдэгдэл байгаа. Үүний эсрэг бэлэн мөнгөний үлдэгдэл нь 1.3 их наяд төгрөг. Ирээдүйн өв сан уг нь төрийн сангаас тусдаа цуглараад явах хэрэгтэй. Энэ жилийн эцсийн үлдэгдлээр Ирээдүйн өв сангийн дансны үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болох болов уу. Тэр нь дансандаа хадгалагдана. Эх үүсвэрийг нь бид цаашдаа тусгаарлах ёстой" хэмээн мэдэгдэж байв. 

Харин яг өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг тус дансанд хуримтлагдсан байгаа талаар албаныхан тайлбар өгөөгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна