Хаврын улиралд томуу болон томуу төст өвчлөл нэмэгддэг. Сүүлийн хоногуудад томуугийн халдвар нэмэгдсэнээс эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөөс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч З.Ганчулуун дараах зөвлөгөөг өглөө.
-Улирлын томуугийн улмаас хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар өвчилдөг вирусийн халдварт өвчин. Амьсгалын замын халдварт өвчний хувьд вакцинтай дүйцэхүйц урьдчилан сэргийлэлт бол өвдсөн хүүхдээ тусгаарлах, маск зүүлгэж занших, гараа сайтар угаах, олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 2-3 хоног цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй, гэрт нь асрахад анхаарах нь зөв.
-Хүүхдүүд цэцэрлэг, сургуулиас халдвар авч байна гэсэн үг үү?
-Хаврын улирал бол томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе л дээ. Урьд өмнөх жилүүдэд ч арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал томуу дэгдэж байсан. Харин сүүлийн хоёр жилийн хувьд хүмүүс гэрийн дэглэмд байсан тул томуугийн дэгдэлт харьцангуй бага байсан. Энэ хаврын хувьд сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор улирлын томуу дэгдэж, цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд нь гэртээ байгаа багачуудаа халдварлуулж байна.
-Ой хүрээгүй, бага сартай нялх, нярай хүүхдүүд өвдөх нь элбэг байна гэсэн. Нялх хүүхэдтэй хүмүүс юунд анхаарах ёстой вэ?
-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан дэвтэр/-ийн 36 дугаар хуудсанд ямар тохиолдолд эмнэлэгт хандах талаарх зөвлөмж бий. Тэрхүү зөвлөмжийн дагуу хүүхдээ ажиглах учиртай. Амьсгалын замын халдварын хүндрэлийн үед хүүхдийн амьсгал олшрох, амьсгалах үед шуугиант болон хяхтнах чимээ гарах, саадтай амьсгалах, хэт өндөр халуурах, удаан хугацаанд халуурах, уусан болгоноор бөөлжих, халуураагүй үедээ унтаарах зэрэг аюултай ерөнхий шинжүүд илэрвэл эмч, эмнэлэгт хандана. Аюултай ерөнхий шинж илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд асарч тойлох нь зүйтэй. Халууныг зөв буулгаад өөрийнх нь аяга халбагаар хооллож, цаг тутамд халуун бүлээн шингэн уулгах, тухтай унтуулж амраах зэргээр 2-3 хоног асрах шаардлагатай. Ээж, аавууд хүүхдээ ганц нэг ханиах, бага зэрэг халуурах үед яаран эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Яаран эмнэлэгт ирснээр хүүхэд нэмж вирусээр халдварлах нөхцөл болох нь бий. Тиймээс ханиад томууны хөнгөн өвчлөлийн үед хүүхдийг хэрхэн асрах мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй байна.
-Гэрийн нөхцөлд асарна гэхээр хүмүүс эмийн сангаас эм, тариа дур мэдэн авч хэрэглэх нь бий. Ингэж эмчилгээг дураараа хийх нь ямар үр дагавартай вэ?
-Эм, тариаг дур мэдэн хэрэглэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийх нь аюултай гэдгийг эцэг эхчүүд мэддэг болсон. Харин сүүлийн үед ханиад хүрэх болгонд утлага эмчилгээг гэрийн нөхцөлд хийх тохиолдол элбэг байна. Шуугиант амьсгал илрээгүй үед утлагат эмчилгээ хийх нь хүндрэл учруулах эрсдэлтэй. Тиймээс амьсгалах үед цээж нь хонхолзох, шуугиантай амьсгалах зэрэг шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаж, ямар ч эмчилгээг эмчийн зааврын дагуу хийгээрэй гэж зөвлөе.
-Саяхнаас менингит өвчин бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Танай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн тохиолдол гарсан уу. Менингит өвчин халдвартай юу, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Менингитийн үүсгэгч олон янз байдаг. Вирус, бактерийн улмаас хоёрдогчоор менингит буюу тархины бүрхүүлийн үрэвсэл үүсэх нь олон. Жилд цөөнгүй хүүхэд манай эмнэлэгт энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг. Эрт оношлогдсон тохиолдолд бүрэн эдгэрдэг өвчин. Менингококкоор үүсгэгдсэн менингит өвчний нэг тохиолдол манай эмнэлэгт бүртгэгдсэн. Бусад дүүрэгт ч мөн бүртгэгдсэн учир салбарын яамнаас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байсан. Менингит амьсгалын замаар халдварладаг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө хэлсэнчлэн олны хөлийн газраар хүүхдээ авч явахгүй байх, өвдсөн үед тусгаарлах, гараа сайтар угаах зэрэгт анхаарах шаардлагатай.
-“Ковид-19”-өөс шалтгаалан хүүхдүүдийн дархлаа суларч байгаа. Дархлааг хэрхэн дэмжих вэ. Томуугаас сэргийлэх вакцин хэр үр дүнтэй байна вэ?
-Хүүхдийг аль болох эрт унтуулах, дэлгэцээс хол байлгах, нэг удаад 2-3 цагаас илүү хугацаагаар дэлгэц ширтүүлэхгүй байх, шим тэжээлтэй хоол, унд өгөх зэрэг нь дархлааг унагахгүй байх хамгийн наад захын асуудал. Улирлын томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тиймээс томуугаас сэргийлэх вакцин, сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж заншвал томуу, томуу төст өвчнөөс сэргийлж чадна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ази, Номхон далайн орнуудад ямар вакцин үр дүнтэй байгааг судалж мэдээлдэг. Тиймээс ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн байгууллагаас явуулж буй дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулах нь зүйтэй юм. Вакцин хийлгэсэн хүүхдүүд өвдсөн ч хөнгөн өвддөг. Хавар, намрын улиралд их хэмжээний суулгалт үүсгэдэг ротовирусээр хүүхдүүд өвдөх нь элбэг болсон. Ротовирусээс урьдчилан сэргийлэх уудаг вакциныг эм ханган нийлүүлэх байгууллагууд санал болгож байгаа. Түүнийг хэрэглэхэд буруудах зүйлгүй. Түүнээс биш дархлааг эм, тариагаар сэргээх, дэмжих нь оновчтой биш гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна