Монголчуудын хувьд өнөөдөр "БАЛЖИННЯМ ДАШНЯМТАЙ" өдөр тохиож байна

Moderator
2022/01/25

Асар их байгалийн баялагтай хирнээ ядуу орны тоонд багтдаг. Хүчирхэг хоёр их гүрний дунд байрладаг гээд давуу талууд ихтэй Монгол Улс өнөөдөр байж болох хамгийн тааруухан эдийн засгийн үнэлгээтэйгээр 2022 оныг эхлүүлж буй. 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын хувьд  БАЛЖИННЯМ ДАШНЯМТАЙ өдөр тохиож байна. 

Өнөөдөр өглөө Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгөх таатай мэдээгээр эхлүүлсэн. 

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Үүний дараах таатай мэдээ бол байгалийн хийн хоолоын төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд талууд гарын үсэг зурсан явдал байв. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай ТЭМДЭГЛЭЛ-д гарын үсэг зурлаа.

Ийнхүү  гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг  боловсрууллаа. Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт нь 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэх юм.

Ийнхүү Монгол Улсын эдийн засагт шинэ боломж нээх хоёр том үйл явдал өнөөдөр боллоо. Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэх түүхэн өдрийг БАЛЖИННЯМ ДАШНЯМТАЙ өдөр хэмээн тодотгоё. Ийнхүү хоёр их гүрэн дунд байрлах давуу тал хийгээд дэлхийд тэргүүлэх баялгаа хэрхэн ашиглаж, хөгжихийг харах л үлдэж байна. 

  • Тайлбар: Балжинням, Дашнямтай өдөр

Монголчууд бид тухайн жил, сар, өдрийн өнгийг тодорхойлж мэддэг, тэрхүү од гариг эрхсийн байршлаар амьдралаа зохицуулж ирсэн. Балжинням, Дашнямтай өдөр аливаа үйл бүтэх сайн гэж үзсээр ирсэн. Балжиннямыг цог буяны, Дашнямыг өлзий хутгийн машид сайн өдөр хэмээдэг.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.247.102.58
    2022/01/26

    Төр тогтвортой бол эдийн засаг хөгжинө өө гэж энэ. Одоо Оросуудаар Кизылээс Эрдэнэт хүртэл кам тавиулаад 2-3 усан цахилгаан станц босгочихвол янзын сайхан болох гээд байна. Нефьтээ өөрсдөө, цахилгаанаа өөрсдөө гэдэг чинь Эрчим хүчний аюулгүй байдал хангагдлаа л гэсэн үг. Тэгээд мал аж ахуйгаа хөгжүүлээд 2 хөршөө сүү, мах мннайхаас хамааралтай болгочих

    Хариулах