Ирэх онд улсын хэмжээнд 162 төрийн албан хаагчийн орон тоог хасна

Moderator
2021/12/14

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов. Ингэснээр ирэх онд улсын хэмжээнд 162 төрийн албан хаагчийн орон тоог хасна
 
 Тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” стандартыг баримтлан ажилласан.
 
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоов.

 Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээг хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.
 
Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна