Ерөнхий сайд шатахууны хомсдолтой холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна

Moderator
2021/09/22

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Г.Ёндон "Есдүгээр сарын 1-16-ны хооронд ОХУ-аас 7,500 орчим тонныг өгсөн байсан.  Гэтэл аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн. Ингэснээр дахиад 10,000 орчим тонн шатахуун дутсан.  БНХАУ-ын талаас манай захиалсан шатахууныг есдүгээр сардаа багтаж, вагон дээр тавих боломжгүй байна гэж мэдэгдсэн.

Үүнээс үүдэж дотоодод шатахууны хязгаарлалт хийснээр байгаа нөөцөө 7-8 хоногт  хүргэхээр төлөвлөсөн. Одоо БНХАУ-аас мөнгө нь төлөгдчихсөн байгаа шатахуунаа  яаралтай татаж авах хэлэлцээрийг хийж байна. Бээжин хотод суугаа манай Элчин сайд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудад ноот бичиг өгч, уулзах цаг тогтсон байна. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй УУХҮЯ-наас ярилцлаа. Хөх хотоос наашаа вагоноор 10-14 хоногт ачаа ирдэг юм байна. Иймд дотоод зохицуулалтаараа хугацаа алдалгүй, 5-7 хоногт амжиж ирүүлэх хуваарийг гаргаж, Засгийн газарт танилцууллаа” гэлээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.