УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан: Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл-1

Moderator
2021/09/17

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа "Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл-1" хэмээн бичжээ. Түүний хувьд жилийн өмнө  Австралид суух Элчин сайдын зөвлөхийн албан тушаал дээр томилогдсон. 

Тэрбээр "Өнөөдөр 2021 оны 9 сарын 17. Австралийн хавар дулаахан нарлаг бна. Канберра хотод, ногоон тивд ирээд яг 5 сар боллоо. Энэтхэг-Номхон далайн бүс, зүүн өмнөд азийн улс орнуудыг судлах нь миний гол үүрэг.

Яагаад гэвэл энэ бүс нутагт сонгодог либерал ардчиллын үлгэр жишээ, дэлхийн хүчирхэг арван эдийн засгийн нэг Австрали Улс, мөн хүн амынхаа тоогоор манайхтай ойролцоо, газар нутаг, ашигт малтмалын ямарч нөөцгүй хирнээ өндөр хөгжсөн Сингапур, Шинэ-Зеланд, олон зуун сая хүн амтай, олон намын тогтолцоотой, асар их баялаг нөөцтэй хирнээ хөгжиж өгдөггүй Индонез, Филиппин гэх мэт олон улс орнууд бий.
Английн аялагч James Cook 1768-1779 оны хооронд Австрали, Шинэ Зеландыг нээж анх удаа газрын зурагт тэмдэглэснээс хойш
Англичууд 150 гаруй жил 160 гаруй мянган хоригдол, ялтнуудыг энэ тив рүү зөөсөн. Иймээс ч Австрали тивийг саяхныг хүртэл цөллөгийн газар хэмээн нэрийддэг байв.
Өнөөгийн Ерөнхий сайд Скотт Моррисоны өвөг эцэг нь ээрмэлийн утас хулгайлсан хэргээр, Тасманы амбан захирагчын өвөө дээрэм тонуулын ялтай Австрали тив рүү цөлөгдөж ирсэн хүмүүс. Гэсэн хэдий ч тэдний удам угсаа хоёрхон зууны дотор дэлхийн хүчирхэг арван орны нэгийг бүтээжээ.
2021 оны байдлаар Австралийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 56 мянган ам долларт хүрч, Америкийн түвшинд очиж, Английг ардаа орхиж байна. Үндэсний нийт орлого нь 1,6 их наяд долларт хүрч Канадын түвшинд ойртов.
Тэд хоёр танхимтай сонгодог парламентын тогтолцоо бүхий хүчирхэг гүйцэтгэх засаглал, шударга шүүхийн тогтолцоог бий болгож чаджээ.
Тэд 1901 онд үндсэн хуулиа батлахдаа ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, хүний эрх, өөрөө удирдах ёс, чөлөөт зах зээл, чөлөөт худалдаа гэх мэт зургаан үндсэн суурь зарчим дээрээ хатуу тогтсон юм.
Харин манай улс эдгээр суурь зарчмуудыг 1992 оны үндсэн хуулиндаа тусгасан боловч өнөөдрийг хүртэл сонгодог утгаар нь, үндсэн философоор нь хэрэгжүүлж чадалгүй өдий хүрлээ.
Улс төрчид, улс төрийн намууд үргэлж солигддог ч хөгжлийн стратеги, бодлогоо хэлбэрэлтгүй мөрдөж Либерал Ардчилалд эцсээ хүртэл үнэнч байхаа Австраличууд өнөөдөр ч тунхаглаж байна.
Өөрийгөө ардчилсан гэж нэрийдэх олон улс орнуудаас тэдний хандлага, философи үндсээрээ ялгаатай.

Цөллөгийн нутгаа цэцэглэн хөгжүүлсэн Австралийн ард түмний хөгжлийн нууцаас..." гэжээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.