МУУ ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ НЬ ХАРАГДАХГҮЙ БОЛСНООР ДАХИН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ

Moderator
2021/06/02

Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлсэн. Уг санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгж, иргэдэд татварын өршөөл үзүүлэх замаар эдийн засагт тохируулга хийж, ижил гараанаас дахин эхлэх боломжийг олгох асуудлыг хөндөж,

  • Аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс 1 удаа чөлөөлөх
  • Монгол банкны Зээлийн Мэдээллийн Сангийн хар жагсаалтыг цагаатгах
  • 3 жил Х-тайлан өгсөн ААН-ийг Улсын Бүртгэлээс хасах
  • Эдийн Засгийг Эрчимжүүлэх тусгай Нэгж байгуулах (Хөрөнгө оруулалт, менежментийн компани)
  • Эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийг нээх саналуудыг багтаасан. Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгын хүрээнд тодорхой үр дүн гарч эхэллээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ (2021.05.28) “Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ хуулийг УИХ хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргана. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж гэж байна” гэж мэдэгдсэн юм.  Үүнээс гадна УИХ-ын даргын дэргэд “Худалдаа аж үйлдвэрийн зөвлөл” байгуулахаар болж, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн “Их сэргэлт”-ийн бодлогыг эрчимжүүлэх, ДНБ-ий хэмжээг тэлэх, худалдааны эргэлтийг хурдасгах үүднээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахаар болсныг УИХ-ын дарга онцолсон билээ.

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах саналыг мөн хүлээн авч, Монголбанк захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр болсон билээ. Өнөөдрийн байдлаар тус мэдээллийн санд 65.105 иргэн, 2428  аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэгдсэн байгаа бөгөөд эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд зээлээ бүрэн төлж дууссан ч банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа юм. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болох юм.

МҮХАҮТ-аас Хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

  1. Эдийн засаг, Худалдааны яам байгуулах
  2. НӨАТ, НДШ-ийн хувь хэмжээг бууруулах
  3. Төрийн өмчийн (оролцоотой) аж ахуйн нэгжүүдийн засаглалд эрс шинэчлэл хийх, хувьчлах
  4. Зөвшөөрлийн тухай хуулийг батлах
  5. Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэх
  6. Танхимын тухай хуулийг шинээр батлах
  7. Хөдөлмөрийн тухай хуулийг батлах
  8. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлах
  9. Хайгуулын лицензийг эргэн харах
  10. Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг болих саналуудыг УИХ, ЗГ-т хүргүүлээд байна.

 

УИХ-аас танхимын тухай болон бусад бизнес, эдийн засагтай холбоотой хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр, ойрын үед хэлэлцэн батална гэсэн учраас үүнд хувийн хэвшил, бизнесийн салбарынхны оролцоо чухал гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 5.4 хувиар буурлаа.

2020 оны эдийн засгийн салбаруудын өсөлтийг 2019 онтой харьцуулахад:

  • уул уурхайн, олборлолтын салбар 8%
  • бөөний болон жижиглэн худалдаа 7% буурсан.

Харин

  • хөдөө аж ахуйн салбар 11%
  • боловсруулах үйлдвэрийн салбар 12% өссөн байна.

Нийт ажлын байрны 50.7%, үйл ажиллагаа явуулж буй компаниудын 81%-ийг эзэлдэг худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ердөө 1.8% буюу 2019 оны хэвийн түвшнээс 3.1%-ийн уналттай байна.

2021 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлын түвшин 2.2%-иар нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.