С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу?

Moderator
2021/04/30

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн эхэнд бичигдэж байсан С.Ганбаатар өчигдөр намын гишүүнчлэлээсээ гарсан юм. Учир нь намын дарга Н.Энхбаяр МАН-тай эвсэж байгаагаа зарласан. 

Иймээс тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслээ биелүүлэхээр өчигдөр АН-д элссэн. Харин  өнөөдөр АН-ын дотоодын сонгуулийн хороонд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж бичиг баримтаа бүрдүүлэн хүргүүлсэн. Эх сурвалжуудын бичиж байгаагаар С.Ганбаатар “Ерөнхийлөгчийн сонгууль дэвшихийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулгатай тохиролцож О.Цогтгэрэлийн АН-д нэгдсэн” гэх. 

Тэгвэл С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу? 

Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвших үеэрээ БНСУ-ын иргэн Юү Ван Су гэгчээс 50 сая воннын хандив авсан гэх бичиг ил болж байсан. Энэ талаар ЦЕГ-аас, “Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ны /2017.05.23/ өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон” гэж мэдэгдэж байв. Иймд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс татах асуудал яригдаж байв.

Сонгуулийн тухай хуулиар С.Ганбаатар нь гадаадын иргэнээс мөнгө авах, сонгуулийн хандив босгох нь хориотой. Иймээс С.Ганбаатарын гадаадын иргэнээс хандив авсан хэргийн шүүх хурал 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болж түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж байв. 

Тодруулбал, “С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.  Мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн” гэж шүүхээс мэдээлж байв. 

Иймээс С.Ганбаатарын энэ үйлдэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болгохын зэрэгцээ, УИХ-ын гишүүнээс нь ч эргүүлэн татах нөхцөл үүсэж болзошгүй байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна