News Paparazzi : Ц.Туваан: УБЕГ хуул бус шийдвэр гаргасан, Улсын Дээд шүүхэд дахиж хүсэлтээ өгнө

Moderator
2021/01/15

Дээд  шүүх өчигдөр АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг цахим бүртгэлээс хасах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан: Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье. 

-Ардчилсан намын X их хурал өнгөрсөн сард хуралдаж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Үүнийгээ  Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Дээд шүүх Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад ойлгомжгүй, тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. АН-ын X их хурал бол хүчин төгөлдөр хурал. Намын 1400 гаруй төлөөлөл оролцсон. Дээд шүүхийн шийдвэр цаасаар гарс ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө. Миний бие намын үйл ажиллагааг тасалдуулахгүй гэдэг үүднээс намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тиймээс дараагийн намын даргад тамга, тэмдэгээ хүлээлгэн өгнө. АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явж байна. Үүнд бид хариултыг тухай бүрт өгөх болно. Бүлэглэлийн эрх ашигт няцаалт өгнө. Намын үндсэн дүрмийн жижиг алдааг дахин засч, Улсын дээд шүүхэд бид дахин хүсэлтээ өгнө. АН-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа өмнө нь буюу 2017 онд намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцийн засвар хийж байсан гэх мэдээллийг өглөө. 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад намын удирдлагууд хариулт өглөө.
-Намын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг цахим бүртгэлээс хассан тухай асуудлыг тодруулахгүй юу?
- Улсын дээд шүүхэд цахим бүртгэлд миний бие намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлт өгсний дагуу бүртгэсэн. Дээд шүүх дахин шаардлагатай нотлох баримтууд шаардсан гэж ойлгосон учраас дахин хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгнө. 
–АН хоёр тамгатай мэт ойлголт бий болоод байна. Энэ талаар тодруулахгүй юу? 
-Надад гардуулж өгсөн тамга хэвээр байгаа. УБЕГ хууль бус шийдвэр гаргасан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна