News paparazzi: ​Свами Даши: Бурхан надад хайртай гэж би боддог

Moderator
2020/10/01

"Зөн билгийн тулаан - 17"-гийн үнэмлэхүй ялагч Свами Даши үг дуу цөөнтэй, ховорхон тохиолдолд ярилцлага өгдөг нэгэн. “Чоно” хэмээх 2 дахь номоо гаргасны дараа тэрээр манай сэтгүүлчид цаг зав гарган ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Гэхдээ хувийн чанартай асуулт тавихгүй байхыг тэрээр дахин дахин сануулж байлаа. Ингээд түүний ярилцлагыг та бүхэнд сонирхуулж байна.

-Шинэхэн номоо өлгийдөн аваад байгаа Танд юуны өмнө баяр хүргэе! Энэ Таны 2 дахь ном. Эхнийх нь “Эргэж төрсөн нь” гэсэн нэртэй байсан, удаах нь “Чоно”. Богинохон хугацаанд 2 ном гаргана гэдэг шаггүй ажил байх. Анхны номоо гартаа барьж байсан мэдрэмжээс ярилцлагаа эхлэвэл ямар вэ?

-Баярлалаа. “Эргэж төрсөн нь” номныхоо эхний хувийг гартаа аваад “Гайхалтай! Би үүнийг хийсэн шүү!” гэж өөрийн эрхгүй бодсон. Ном бол хүүхэд л гэсэн үг. Хэрэв 30 жилийн өмнө надад энэ тухай хэлсэн бол би үнэмшихгүй байсан. “Өөрийнхөө амьдралын тухай ном бичээч” гэж хэлдэг байсан ч би түүнд нь бэлэн байгаагүй тул татгалздаг байлаа. Номоо гаргаад л үхэх үү. Энэ нь жинхэнэ утгаараа, яагаад гэвэл хэтэрхий хүнд түүх болох гээд байсан юм. Харин энэ ном бол огт өөр, миний тухай биш, миний уулзсан агуу багш нарын тухай, тэдний амьдралд би хэрхэн удаан ч бай, түр ч бай нэвтэрсэн тухай л юм.

-Таны Энэтхэгт байсан үеийн тухай гэж ойлгож болох уу?

-1988-89 оны үеэс л эхэлж байгаа. Тэр үед би анх өөрийгөө огт өөр байдлаар мэдэрч эхэлсэн. Энэ бол миний одоог хүртэл явж байгаа замын минь эхлэл. Гэхдээ надаас энэ зам хаана хүрэх вэ гэж асуувал би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй гэж хариулна. Мөн амьдралын туршлага, үзэж харсан зүйл, эрэл хайгуул хийхэд байнга тааралддаг саад бэрхшээлийн тухай юм.

-Хэрэв Таны энэ зам эхэлсэн тэр л үе рүү эргэж очвол... Та 29 настай юу юу ч үгүй болчихоод амьдралаа хэрхэн 180̊ өөрчилсөн тухайгаа өөрийнхөө туршлагаас ярьж өгнө үү.

-Энэ тухай би өөрийнхөө “Эргэн төрсөн нь” номондоо тодорхой бичсэн байгаа: гэртээ хаалгаа түгжээд хэрхэн 40 хоног өлсгөлөн зарласан, аваарт ороод яаж амьд үлдсэн, Ошо-г дагагч орос эмэгтэйтэй танилцаж анхны бясалгалдаа явсан зэрэг. Бурхан надад хайртай гэж би боддог. Учир нь зорилготой болж эхний алхмаа хийсэн л бол хүн яалт ч үгүй сав шимийн ертөнцөд ханддаг юм. Энэ ертөнц чамд хэзээд тусалдаг.

-Өндөр амжилтанд хүрсэн хүн бүрийн амьдралд энэ тохиолддог болов уу?

-Тийм ээ, энэ бол хууль. “Чи муу хүн байж үзээгүй бол яаж сайн хүн болох юм бэ” гэж би дандаа хэлдэг. Би хорон муу зүйлийг үзсэн ч өөртөө түүнийг шингээгээгүй юм.

-Та өөрийгөө зөн билэгтэн гэж үздэггүй гэсэн. Тэгвэл Та хэн бэ?

-Үнэнийг хайгч. Зөн билэгтэн гэдэг бол холливуудын зөгнөлт киноны үг. Намайг “гэгээнтэн”, “шидтэн” гэж нэрлэхэд би дургүй. Миний зөн совин, мэдрэмж л хүчтэй хөгжсөн юм. Тийм ээ, би юм хардаг. Бусдын хувьд хаалттай зүйлс миний хувьд маш тодорхой байдаг. Энэ бол ид шид биш. Илүү ихийг хардаг хүмүүс ч байдаг шүү дээ.

-Бүхнийг биш гэхэд өөрийгөө маш сайн мэддэг хүний хувьд энэ тэмцээнд яах гэж орсон бэ? Энэ нэвтрүүлгийг Та тоглоом гэж үздэг үү?

-Спортод байнга өрсөлдөн байдаг, тийм өрсөлдөөн байхгүй болохоор миний бодлоор энэ тэмцээн биш. Бид бүгдээрээ нэг гэр бүл л гэж би хардаг даа. Яагаад гэвэл бид нийтлэг зүйлийг хийж байгаа. Харин би бусад оролцогчдоос өөр арга замаар явж байгаагаараа л ялгаатай юм.

Хүн өөрийнхөө тухай бүхнийг мэдэх боломжгүй. Миний хувьд уг нэвтрүүлэгт оролцсоноор өөрийгөө танихад дахин нэг шат урагшилж, би өөрчлөгдөж  байна гэсэн үг.

-Хүмүүс амьдралаа өөрчлөх хүсэлтэй байдаг ч хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй. Энэ тохиолдолд Та яамар засал санал болгох вэ?

-Өөрчлөлтийн урт зам анхны алхамаас эхэлдэг. Бүгд амьдралаа өөрчилмөөр байна гэж ярьдаг ч амаа ажил болгож хэрэгжүүлдэг нь цөөхөн дөө. Зөвхөн хүсэх биш, харин хийх хэрэгтэй. Өөрөөсөө л эхлэх шаардлагатай. Миний dashi.ru интернет сайт дээр яг ийм дасгалуудын хуваарь байгаа. Өөрөө өөрчлөгдөж эхлэвэл орчин тойрны амьдрал чинь ч дагаад өөрчлөгдөнө шүү дээ.

-Өнөө үед хүн бүр хэн нэгнээс буюу ямар нэгэн зүйлээс хараат байгаа мэт харагддаг. Таны бодлоор хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйлс юу вэ? Та өөрөө ямар нэгэн зүйлээс хараат уу?

Хүчтэй нөлөөлдөг, хараат болгодог нийтлэг зүйлс нь нийгмийн бүлэг, мөнгө, эрх мэдэл, телевиз гээд л явна даа. Манай гэрт бол телевизор байхгүй, хүүхдүүд маань ч үздэггүй. Харин миний хараат зүйлс бол эрүүл мэнд, бие болон сэтгэлийн ариун байдал. Цэвэрхэн орчин ч гэсэн хүнд энерги өгдөг.

-Эхэндээ Таны тухай мэдээлэл бага, нэлээд нууцлагдмал амьдралтай санагдаж байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж олон мянган хүн Тантай уулзахыг хүсдэг, тусламж гуйдаг биз. Олны танил байх Танд бэрхшээлтэй юу?

-Олны танил, нэр хүндтэй байх тал дээр би маш тайван ханддаг. Би рок од биш шүү дээ. (инээв) Эвгүй үе байсан ч гэсэн тэдгээрийг дурсмааргүй байна. Гэхдээ хүмүүс ихэнх тохиолдолд маш найрсаг ханддаг, гудамжинд, олон нийтийн газар ч тэр. Хэн нэгэнтэй гар барьж, зургаа даруулахад татгалзах зүйл байхгүй.

-Та ганцаархнаа байх үе хэр тохиодог вэ?

-Гэр бүл болон өөртөө зориулах цаггүйгээр би амьдралаа төсөөлдөггүй. Ажил ихтэй байсан ч гэр бүлийнхэндээ, өөртөө заавал цаг гаргадаг. Харин ганцаардлын тухай гэвэл миний 2 дахь ном “Чоно” яг энэ сэдвийг хөндсөн байгаа.

-Таны амьдралын хэмнэл ямар вэ? Өнөөдрийн даяаршсан нийгмээс даажихгүйгээр, ажлаа хийгээд “гурван L”-н (live, love, laugh) “амьдар, хайрла, инээ” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлж болох уу?

-Би өдөр болгон 4 цагт босож бясалгал, дасгал сургуулилт, дотор эрхтэнийхээ цэвэрлэгээнд 4-5 цаг зарцуулдаг. Үүний дараа л харин хаана дуудагдсан газартаа очиж ажилладаг даа. “Гурван L” бол бүх зүйлд хэтэрхий автахгүй, маш сайхан үзэл юм. Энэ үзэл амьдралыг хөнгөвчилж гэгээлэг болгодог. Гэхдээ эрүүл биед л саруул ухаан оршдог учраас хөдөлгөөн, зөв хоололт зэргийг мартаж болохгүй. Өөрийнхөө төлөө хийх хамгийн бага зүйл гэвэл зөв хооллолт, үйлдвэрийн бус хүнсний цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Тэгээд мэдээж ус сайн уух хэрэгтэй.

-Монголд орчин цагт энергийн эмчилгээ их хийдэг болсон. Хувь хүн өөрийнхөө энергийг хэрхэн өндөр байлгах боломжтой вэ?

-Өглөө эрт босох. Энэтхэгийн аюрведийн сургаалаар ертөнцөд байгалийн гурван хүч буюу гурван доши байдаг: капха – газар, вата – салхи, питта – гал. Энэ үзэл баримтлалын дагуу хүмүүсийн бие болоод өдрийн биоритмын хэмнэл өөрчлөгддөг. Өглөөний 4 цагт босвол эрч хүчтэй, хөнгөн салхины дошийг шингээн авч өдөржингөө агаар мэт эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байна гэсэн үг. Харин 6:30-д босвол - өнгөрөө, газрын хүнд, зууралдсан дошийг шингээнэ. Та нойр чинь ханасан байсан ч залхуу, унтамхай байдалтай өдрийг өнгөрөөнө. Мэдээж үүн дээр бас зөв хооллолт нөлөөлнө л дөө.

-Та “Бодол бол материаллаг зүйл, тиймээс маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй” гэж хэлж байсан. Манайд сайн явах санааных гэдэг үг ч байдаг. Хүний бодож санасан зүйл хэр биелдэг вэ?

-“Бодсон – биелсэн” гэдэг бол маш аюултай, муу бодлоор багагүй хохирол учруулж болдог. Миний хэлсэн зүйл бол бодол маш гэнэтийн байдлаар биелдэг, тэр үедээ бус, хожим хойно нь. Жишээ нь “Битгий бороо ороосой” гэж бодсоор байгаад бороонд шалба цохиулах. Яагаад гэвэл та айдастайгаар үүнийг бодсон шүү дээ. Хэрэв хүүхдээ тэнэг, мангараар нь дуудаад байвал тийм л болно. Бүр заавал. Уул нь юугаар ч дутаалгүй л өсгөсөн хэрнээ таны бодол, хэлсэн зүйл материаллаг болж гажиг үүсгэж байна гэсэн үг. Иймээс өөртөө, хэлж буй үг, бодол санаандаа анхааралтай хандаж байгаарай. Эдгээр зүйлс үнэхээр бодитой болдог юм шүү.

-Та өөрөө 4 хүүхэдтэй, том нь 32-той, бага нь 6-тай гэсэн мэдээлэл байсан. Эцэг хүний хувьд хүүхдүүддээ юу өгч, юунд сургая гэж боддог вэ?

-Эцэг эх хүүхэддээ өгч чадах цорын ганц зүйл бол хайр. Бусад зүйл надад чухал биш. Би хүүхдүүддээ хэлдэг юм “Чиний хэн болох, цэвэрлэгч үү, сайд уу, надад хамаагүй, ямар ч тохиолдолд би чамд хайртай байх болно...”. Ийм л байна!

-Хүүхдэд хэдэн наснаас эхлэн бие, сэтгэл, сүнс гэсэн ойлголтуудыг танилцуулж, сургах хэрэгтэй вэ?

-Хүүхдийг юунд ч сургах хэрэггүй, тэдэнд хөгжих бололцоог л олгох хэрэгтэй. Яагаад гэвэл сургалт болгон тодорхой хүрээ, нөхцөл байдлыг бий болгодог. Хэрэв хүүхдэд өөрт нь энэ мэдрэхүй байгаа бол аяндаа гарна, харин учраа олохгүй байгаа тохиолдолд гарах гарцаа олоход нь туслах хэрэгтэй.

“Зөн билгийн тулаан” дээр Таны ашиглаж байсан том нил ягаан болор (аметист) анхаарал эрхгүй татаж байсан. Тэр Таны сахиус уу? Манайд чулууны энергийн талаар их яригддаг. Эмэгтэйчүүдийн чимэг гоёл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж чадах уу?

-Чулуу үнэхээр хэрэглэгчдээ нөлөөлдөг. Жишээ нь алмас эрдэнэ буюу бриллиант бол агуу энергитэй, хүчтэй чулуу. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд энэ чулуун гоёлоо байнга зүүдэг, шөнө ч тайлдаггүй. Энэ бол буруу л даа, чулуу, ялангуяа бриллиантыг заавал тайлж амарч байх хэрэгтэй. Ягаан болор бол эмэгтэй хүний чулуу, ханиа олж чадахгүй байгаа, дур булаам төрхтэй болъё гэсэн бүсгүйчүүдэд би энэ чулууг зүү гэж зөвлөмөөр байна. Харин миний хайртай аметист намайг огторгуй, бурханлиг бүхэнтэй холбож, шийдвэр гаргах ухаан хайрлаж, юм харах чадварыг хөгжүүлдэг.

-Нэвтрүүлгээс харахад Та ихэндээ хөх өнгийн хувцас өмссөн харагддаг. Хөх өнгө тайван байдлыг илэрхийлдэг шүү дээ. Та энэ өнгийг албаар сонгосон уу, эс бөгөөс Таны дуртай өнгө үү?

-5-н махбод өөрийн гэсэн оноосон өнгөтэй байдаг гээд өнгөний талаар маш дэлгэрэнгүй ярьж болно. Гэхдээ энэ бол бүтэн лекцийн сэдэв л дээ. Тэгхээр миний хариулт ийм байна: би нүднийхээ өнгөнд зохицуулж хувцасаа сонгодог. (инээв) Тиймээ, надад хөх өнгө таалагддаг.

-Та нилээд содон шивээстэй. Энэ шивээсүүд юу илэрхийлдэг вэ? Амьдралын тань тодорхой үечлэл, үйл явдалтай холбоотой юу?

-Миний хувьд шивээс болгон маш том ач холбогдолтой. Тийм ээ, миний шивээсүүд амьдралын маань тодорхой үечлэл, үйл явдалтай холбоотой. Гэхдээ энэ миний хувийн амьдрал тул хуваалцмааргүй байна. Бид миний талаар хувийн чанартай асуулт тавихгүй гэж тохиролцсон шүү дээ!

-Эргээд Таны ном руу хандая. 2 дахь ном тань саяхан уншигчдын гар дээр очсон. Бас дагалдаад “Чоно. Би бол Свами Даши” гэдэг 2018 оны хуанли гарсан. “Чоно” гэдэг сэдэв монголчуудын хувьд их ойр, чоныг дээдлэх үзэлтэй байдаг. Энэ нь түүхэн гарал үүсэлтэй нь холбоотой. Таны эрхэшээгч амьтан (тотем) чоно. Тэгвэл хүн бүр өөрийн эрхшээгч амьтанаа тодорхойлох боломж бий юу?

-Төрсөн огноогоор нь зурхайн орд шиг тотемыг тодорхойлж болохгүй. Тотем гэдэг бол чиний амьдралын хэв маяг. Хэрэв чи өдөржин найзуудтайгаа хошуугаа холбож цагийг сайхан өнгөрөөдөг бол чи болжмор гэсэн үг. Харин өглөө болгон үүрийн гэгээнээр цастай талд давхидаг бол чоно байж таарнаа даа. Мэдээж түүхэн замнал, хаана амьдарч байгаагаас их зүйл шалтгаална. Би номныхоо төгсгөлд 24 эрхшээгч амьтдын талаар нэмэлт материал оруулсан байгаа.

-Олон газраар явж үзсэн хүний хувьд Таны амьдрах дуртай газар хаана вэ?

-Дэлхийн бөмбөрцөгийн хаана байрлалтай нь хамаагүй, орос тосгон л сайхан. Би хаана ч байсан хэзээд өөрийн орон зайгаа үүсгэдэг. Энэ нь орон сууц, байшин, цэцэрлэгт хүрээлэнгийн түвшинд ч байж болно.

-Та орос хүнд зүрх сэтгэл чухал гэж хэлж байсан. Монголчуудын хувьд юу чухал вэ?

-Үндэстэн болгон өөрийн гэсэн давамгайлсан энергийн төвтэй байдаг. Нэгнийх нь толгойд, нэгнийх нь хөлөнд г.м., харин орос хүнийх зүрхэндээ байдаг, зүрх сэтгэлээрээ амьдардаг. Иймээс би барууны нөлөө, технологид дургүй. 12 цаг худлаа инээж, конторт суун, угаалгын машин зарж байгаа хүн гараад яах вэ? Мэдээж стрессээ тайлж уумаар санагдана даа. Өргөн уудам нутагтай, түүхийн зузаан шастиртай монголчуудын хувьд тархи, зүрх гэсэн хоёр төвтэй гэж боддог. Оюун ухаан, зүрх сэтгэл хоёр давхар орших нь ховор тохиол шүү.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Эх сурвалж: paparazzi.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна