News Paparazzi:Тусгай хамгаалалттай газар ашигт малтмал олборлож, хээл хахуулийн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг шүүнэ

Moderator
2020/09/19

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 25-нд хэлэлцэхээр товлолоо. 

Энэхүү хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, Г.Эрдэнэ-Очир, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүн холбогдоод байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн”, 22.4, 22.5-д заасан “хээл хахууль авсан, өгсөн”, 24.2-1-ийн “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон”, 18.6-3 хэсгийн “мөнгө угаасан”, 21.10-1-т заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлджээ. Мөн тэднийг Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай бүсийн Цагаан эрэг гэх газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээр нөхөн сэргээлт хийнэ хэмээн хууль бусаар гянтболд (вольфрам) олборлож, гэмт хэрэг байнга үйлдсэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгч, авалцсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн уг хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяаг холбогдуулан 2000 ам.долларын хахууль авсан гэж буруутган 2018 оны зургадугаар сараас шалгаж эхэлсэн ч өдгөө хэргийг нь тусгаарлан бусад 30 холбогдогчийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.

Ж.Батдорж


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.28
    2020/09/19

    БОЯны Батсансар гэгч зургийн голд байгаа зальт этгээд чинь гэмт бүлэгт багтдаг юмуу. Авилгад албан тушаалд асар дуртай асар шуналтай мөнгөний төлөө юу ч хийж хэнийгч хохироож мэдэхээр нөхөр гээ биздээ бас төрсөн ах нь Батхуяг гэгч нь АМГ т дарга байгаад хулгай луйвар хийгээд шоронд орсон гээ биздээ.Энэ Батсанарынхаа хөрөнгийг илрүүлж нэг бүрчлэн эх үүсвэрийг тогтоогоочээ

    Хариулах